Эрүүгийн хэрэг үүсгэгдээд байгаа “Цаст Констракшн”-д ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

-Хүний амь насыг авч одож буй барилгын компаниудын барилга барих зөвшөөрлийг цуцлах ёстой бус уу?-

Дахиад л барилгын осол. Өмнө нь мундахгүй олон хэл аманд орооцолдож байсан "Цаст констракшн" компанийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст 31 настай залуугийн амиа алдсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг хэрэг сар гаруйн өмнө буюу аравдугаар сарын 4-нд гарсан ч юунаас болсон, хэн буруутай болох талаар олон нийтэд төдийлөн мэдээлэл гараагүй байсан юм.

Энэ хар өдөр ажлаа гүйцэтгэж байсан хоёр залуу осолд орж, 31 настай иргэн Б амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Цагдаагийн албан мэдээлэлд мэдээлснээр бол зургаан метр өндөр багана төмрөөс 38 настай иргэн Т унаж гэмтэн 31 настай иргэн Б амь насаа алдсан хэмээн тухайн өдрөө мэдээлж байсан.  Гэвч харамсалтай нь хоёрын хоёр залуу гэмтэн, нэгэн алтан амь хорвоогоос одсон энэ аймшигтай хэрэг юуны улмаас үүдэв гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдсэн билээ.   

Тэгвэл осол юунаас үүдэв гэсэн асуулт одоо тавигдаж байна. Сүхбаатар дүүргийн VII  хороо, олны сайн мэдэхээр хуучин "Номин хапермаркет"  байсан газар шинээр барилга барихаар хашаа хатгаж, "Цаст констракшн" компани энд 16 давхар барилга барих гэж байна гэсэн утгатай самбар өлгөсөн байсан. Энд "Номин зэрэглээ" компанийн захиалгаар "Цаст компани" барилгын ажил гүйцэтгэж байсан гэдэг.

Гэвч яг осол гарч, хүн амь насаа алдсаны дараахан "Цаст констракшн" танилцуулга самбараа яаравчлан авч, тэр бүү хэл "2013 оны аравдугаар сарын 4-ний өдөр "Цаст констракшн" компанийн ажилтан амиа алдлаа" гэх зэрэг үнэн бодит байдалд нийцэхгүй ташаа мэдээ мэдээллийг олон нийтэд түгээсэн байна. Иймд "Цаст констракшн" ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албанаас манай ямар ч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн мэдэгдлийг гаргаж, зарим мэдээллийн хэрэгслийг дарамталснаар энэ хэргийн талаархи мэдээлэл хаана ч гарахгүй тас нуугдсан. Гэвч цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээллээр буруугүй хэмээн мэлзэж, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг гүтгэн, дарамталж байсан "Цаст констракшн" компанийг хөдөлмөр, аюулгүй байдлын нөхцлийг хангаагүй гэсэн үндэслэлээр хүний амь насны хэрэгт шалгаж эхэллээ. Гэвч цагдаагийнхан өнөөг хүртэл мөрдөн байцаалтын үед мэдээлэл өгөх боломжгүй гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл энэ хэргийг нууцалж байсан. Нэгэнт хүний амь настай холбоотой хэрэгт наанадаж, эзэн хариуцагч нь хэн байгаа талаар мэдээлэх нь зүй ёсны хэрэг буй за. Ямартаа ч ийнхүү цагдаагийн байгууллага 31 настай залуугийн үхэлд хэн буруутайг шалгаж эхэллээ.

Монголчуудын хувьд бас нэг аймшиг болоод байгаа барилгын салбарын осол хэмээх энэ аюулаар энэ жилд л гэхэд арав гаруй хүн амь насаа алдаад байгаа. Харамсалтай нь олныг цочирдуулсан барилгын ослын хэргүүд эхнээсээ шийдэгдээгүй хэвээр. Цэл залуухан оюутны дээрээс төмөр унаж амь насыг нь хохироосон хэрэгт л гэхэд тухайн компанийг холбогдуулан шалгасан төдий. Бүр талийгаач чихэвч зүүж, хөгжим сонсож яваагүй бол амиа алдахгүй байсан гэх хөгийн тайлбар ч сонсогдож л байсан. Аав, ээжийнхээ зүрхийг шимшрүүлэн аравхан насандаа хорвоог орхисон Б.Есүгэн охины үхэлд хэн буруутайг эцэслэн тогтоогоогүй л байна.

Энэ бүх эмгэнэлтэй хэргээс улбаалаад барилгын салбар хүний амь насыг булаагч мангас байсаар байж, цаашид ч хэдэн хүний амийг авч явлаа ч буруутай этгээдэд хариуцлага тооцохгүй, эсвэл гүйцэтгэгч ажилтнуудыг л яллаад өнгөрөөх үү гэсэн айдас, эргэлзээ төрөм. Тиймээс ч барилгын хэмээх осол нэг бус хүний амийг авч байгаа энэ цаг үед хүний алтан амийг үрэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн барилгын компанийг барилга барих эрхийг хасах хариуцлага тооцож байх ёстой гэж иргэд үзэж байна. Өнөөдөр хүний алтан амь эрсэдчихээд байхад үл тоомсорлон, "арьс"-аа хамгаалж байгаа "Цаст констракшн" компани цаашид ч хэдэн хүний аминд ч аюул учруулж болохыг таашгүй. Бүхэл бүтэн хүн амиа алдаж, нэг нь гэмтчихээд байхад "Манай компанийн ажилтан биш" гэсэн тайлбар гаргаж байгаа нь энэ компанийнхны ёс зүйг ч харуулж буй хэрэг. Магадгүй өнөөдрийн жишиг ёсоор туслан гүйцэтгэгч компани хөлслөн ажиллуулж байсан ч юм уу, эсвэл албан ёсны гэрээтэй бус түр ажиллагч амь насаа алдсан байлаа ч гэсэн "Манай ажилтан биш ээ" гэсэн үгийг албан ёсоор хэвлэл мэдээллийн байгууллагаар тарааж байгаа нь ухаант хүний ёсон мөн үү? Энэ байдлаас харахад хүний амь насаа алдсан энэ хэрэгт "Цаст констракшн" "Манайд хамаагүй туслан гүйцэтгэгчийн буруу гэх юм уу эсвэл бүр талийгаачийн өөрийнх нь буруу" гэж мэлзээд өнгөрөөж ч магадгүй л юм шиг.

Эцэст нь хэлэхэд олон хүний амийг авч одож байгаа барилгын салбарын хөдөлмөр, аюулгүй байдлын асуудлыг хаа хаанаа анхаарч, хатуу шийдэж хариуцлага тооцож байхгүй бол хүн болгон өглөө ажилдаа гараад, ажлынхаа талбар дээр, бүр зүгээр л гудамжинд алхаж яваад амь насаа алдаж болзошгүй аймшиг дунд бид амьдарч байна гэж халаглаж байгаа энэ үед холбогдох албаныхан нь тууштай арга хэмжээ авахыг шаардах нь иргэд бидний амьд явах эрхээ хангуулах хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Иргэн та ч анхаараарай. Магадгүй та бид ч өнөөдөр барилгын осолд хэлмэгдэж, магадгүй "Цаст" хэмээх сайхан нэртэй компани шиг "Манай ажилтан амиа алдаагүй ээ, өөр хүн үхсэн" гээд сууж байх ч юм билүү?

 

Н.АЛТАНЦЭЦЭГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top