Улсын мөнгийг үргүй зарсан дарга нарыг 10 саяар торгоод өнгөрлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр,  ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох хэрэг хууль, шүүхийн байгууллагаар удтал явсны эцэст  саяхан Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Тэд  төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, төсвийн хөрөнгөөс 120 гаруй сая төгрөг завшсан хэрэгт холбогдсон юм.  Уг хэргийг   2011  онд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн юм байна.  Хан-Уул дүүргийн шүүхээс  тэднийг  албан үүрэгтээ  хайнга хандсан, төсвийн хөрөнгөд хяналт тавих үүргээ биелүүлээгүй   гэж үзээд тус бүр 10 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

Энэхүү хэргийг  өнгөрсөн оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцээд Засаг дарга асан Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч, гурван жил хорих, Д.Батсайханы албан  тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, хоёр жил хорих ял оногдуулж байсан.

 Тэд анхан шатны шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн шүүхэд давж заалдсанаар хэрэг  нэмэлт мөрдөн байцаалтад  буцсан юм. Ингээд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Э.Цасчихэр нарыг төсвийн хөрөнгөөс завшсан үйлдэл  нь тогтоогдоогүй гэж үзжээ.

Ийнхүү хоёр жил гаруй АТГ, шүүхийн хооронд явсан сүр дуулиантай хэрэгт холбогдсон дарга нарыг 10 саяар торгоод өнгөрлөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

Tosviin horongo zavshaagyig togtooloo gesnee yal ogch hyn helmegdyylj bolj bga yum baih daa

1  |  0
Top