Иргэд нислэгийн мэдээллийг мессежээр авах боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдэж байгаа тогтмол нислэгийн мэдээллүүдийг иргэд гар утсаа ашиглан мессежээр хүлээж авах боломжтой боллоо. Манай улсын эдийн засаг өсч, гадаад, дотоод харилцаа, аялал жуулчлал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тоо ихэсч байгаатай холбогдон зорчигчид болон угтан авагч, үдэн гаргагчид гээд нисэхийн салбараар үйлчлүүлж буй нийт хэрэглэгчдэд нислэгийн хамгийн бодитой, найдвартай мэдээллийг цаг тухайд нь боломжит хэлбэрээр хүргэх шаардлага гарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс ИНЕГ-ын захиалгаар хэрэглэгчдэд гар утас, iPad, компьютер зэрэг орчин үеийн электрон хэрэгслүүдийг ашиглан SMS мессеж, ухаалаг утасны апликэйшн, вэбсайтын тусламжтайгаар үнэн зөв, түргэн шуурхай /real time/-гаар хүргэх программ боловсруулаад байгаа юм. Эхний ээлжинд иргэд гар утасныхаа мессежээр нислэгийн мэдээллийг хүлээж авах үйлчилгээг туршилтаар ажиллуулж эхэлсэн ба ирэх оны нэгдүгээр сарын 01 гэхэд бүрэн ашиглалтад оруулж, бусад электрон хэлбэрүүдийг ашиглан мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх ажээ.

Эдгээр үйлчилгээг нэвтрүүлснээр агаарын навигацийн үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг бууруулж, нислэгийн мэдээллээр хангах үйл ажиллагаанд гардаг хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа багасч, хэрэглэгчид хүссэн мэдээллээ саадгүй хүлээн авч сэтгэл ханамж дээшлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top