Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ээлжит “совет”-ын хурал хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Хурлаар нийт 15 асуудлыг хэлэлцсэнээс хамгийн их анхаарал татсан асуудал бол УБТЗ-ын шинэ удирдлага сонгох байлаа. Хурлын шийдвэрээр УБТЗ-ын Даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг 2014 оны хоёрдугаар сар хүртэл сунгахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Г.Сэрээнэндорж нь сүүлийн нэг жил УБТЗ-ын Даргын үүргийг гүйцэтгээд бүрэн эрх нь дуусгавар болж байсан бөгөөд ийнхүү дараа жилийн эхний улиралд болох ээлжит “совет”-ын хурал хүртэл сунгасан ажээ.
Г.Сэрээндорж нь ажил хөдөлмөрийн гараагаа 1987 онд Сайншанд дахь Дохиолол холбооны 3-р ангид монтероор эхэлж, механик, ахлах инженер, орлогч даргаар, 1992 оноос Улаанбаатар дахь Дохиолол Холбооны 2-р ангид хэсгийн ахлах инженер, орлогч даргаар, 1995 оноос Дохиолол холбооны албаны ахлах инженерээр, 2003 оноос Дохиолол холбоо, эрчим хүчний албаны ерөнхий инженер, даргаар, 2005 оноос УБТЗ-ын Ерөнхий инженерээр тус тус томилогдон ажиллаж иржээ. Тэрээр Улаанбаатар төмөр замд тасралтгүй 25 жил ажиллаж байгаа аж. Техникийн ухааны магистрийн зэрэг, Монгол улсын зөвлөх инженер, Спортын мастер цолтой юм байна.
УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар томилогдох гэж байгаа гэсэн шум гараад байсан.
Д.Одхүү нь Эрдэнэтээс хоёр удаа УИХ-д сонгогдсон. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дараа ямар нэгэн албан тушаалд очоогүй байгаа болохоор тэрээр ийнхүү тус албанд зүтгэсэн бололтой.
Тэгэхээр дээрх хоёр хүний аль нь ч "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар сонгогдсонгүй гэж ойлгож болно. Харин Г.Сэрээнэндоржийг жинхэнэ дарга болгоогүй бөгөөд түр орлон гүйцэтгэгч гэх албыг нь сунгаж, даргын үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ. Ирэх оны хоёрдугаар сард жинхэнэ даргыг сонгохоор дахин хуралдах юм байна.

Сэтгэгдэл ( 3 )
энэ ииг халааааа өөөр хүн тавиааааааааааа
одоогийн үүрэг гүйцэтгэгч нь төмөр замыг унагаж байгаа сурагтай.
Odhuu gej jinhene shaver yum aa