ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд Оросод зохиогдох Сочийн өвлийн олимпод ижил хүйстэн тамирчдыг ч гэсэн хүрэлцэн ирж оролцохыг урьсан байна. Тэрээр Олон улсын Олимпийн холбооны Ерөнхийлөгч Томас Бахад хандан "Ижил хүйстэн тамирчид болон тэднийг дэмжигчид манай оронд айх эмээх зүйлгүй, эрх чөлөөтэй байж болно" гэжээ. Учир нь өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Төрийн Думаас 18-аас доош насныханд ижил хүйстнүүдийн талаар суртал нэвтрүүлэг хийх, ярьж сурталчлахыг хориглосон хууль баталсан билээ. Үүнээс өмнө тус улсын Санкт-Петербург зэрэг хотод ижил хүйстнүүдийг сурталчлахыг хориглосон албан бус журам хэрэгждэг байсан.
Ижил хүйстнүүдийн эрхийг ийн хассанаар тус улсад тэдний эрхийг хамгаалж дэмждэг байгууллагууд болон Дэлхийн олон орны зүгээс шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад буй аж. Тиймээс энэ асуудлын улмаас хэд хэдэн орон 2014 оны өвлийн олимпод тамирчдаа явуулахгүй хэмээн ОУОХ-д мэдэгдсэн ажээ. Тухайн орнуудын хувьд тэдний хууль журмыг шүүмжилж буй хэрэг юм. Нөгөө талаас ОХУ-д очсон ижил хүйстэн тамирчдад учирч болзошгүй сэтгэл санааны дарамт, цаашлаад ямарваа нэг эсэргүүцэл, ялгаварласан харьцаа үүсэх вий гэдгээс эмээсэн болгоомжлол аж. Харин тус улсын Төрийн тэргүүн В.Путин олон улсад хандан "Ямар ч санаа зовоох асуудал гарахгүй. Бид тамирчдын тохь тухтай байх бүх бололцоог хангана. Олимпийн наадамд дэлхийн аль ч орны тамирчид үндэс угсаа, шашин шүтлэг эсвэл бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхагдалгүй оролцох эрхтэй" хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )