Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн долоо хоногийн судалгаагаар үхрийн мах дунджаар 7800, хонины мах 6800, адууны мах 6200, ямааны мах 5500 төгрөгийн үнэтэй байсан. Тэгэхээр махны үнэ нэмэгдээгүй. Өмнөх долоо хоног болон өнгөрсөн саруудтай харьцуулахад махны үнэ харьцангуй буурсан байгаа юм.
Дээрхи тоон үзүүлэлт бол нийслэлийн бүх захуудаас авсан дундаж үнэ. Хүчит шонхор зах дээр мах хамгийн хямдаар зарагддаг учир үүнээс ч бага үнэтэй байгаа гэсэн үг. Тэгэхээр өвөлийн уур орж байгаа энэ өдрүүдэд өндөр үнээр мах худалдаж аваад сурчихсан манай иргэдийн хувьд махны үнэнд нэг их санаа зовоод байхааргүй болсон байгаа юм. Учир нь өнгөрсөн хавар гэхэд л үхэрийн мах 10 мянган төгрөг хол давсан үнэтэй байсан.
Харин өнөөдрийн хувьд аль ч захыг зорих хэрэггүй өдөр байлаа. Учир нь Нийслэлийн 374 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Энэ ойн өдрийг тохиолдуулан нийслэлийн төв талбай болон долоон дүүргийн гадаа талбайд бүх төрлийн барааны өргөтгөсөн, хямдралтай худалдаа болж байгаа. Тэр дундаас мах хамгийн хямд бөгөөд хамгийн олон үйлчлүүлэгчтэй хамгийн их оочертой харагдсан.
Махны үнийн хямдрал иргэдэд их таалагдаж байгаа болохоор ихэнхдээ бөөндөж авч байгаа аж. Өнөөдөр мах борлуулдаг томоохон аж ахуй нэгжүүд бүх малын махыг 30 хувиар хямдруулж зарж байгаа юм. “Махмаркет” ХХК гэхэд л хонины махыг нэг кг-ийг нь 3700 төгрөг, ямааны махыг 2700, дайврын таташыг 1100 төгрөгөөр зарах хямдралтай, урамшуулалтай худалдаа зарласан бөгөөд өөрсдийн худалдааны цэгүүдээр борлуулах гэнэ. Мөн Чингисийн талбай болон бусад хямдралтай худалдаа борлуулах цэгүүдээр иймэрхүү үнэтэй байна гэсэн үг. Хонины махыг 3700 төгрөгөөр авна гэдэг ойрын хэдэн жилдээ байгаагүй үнэ. Энэ хямдралтай худалдаа Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт 15 дугаар хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Чингисийн талбайд болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )