Сая хол давсан уушгины төлөө 20 мянган ширхэг хосгүй цахилгаан хэрэгсэл авах уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 19

Уг нь нийслэл хот агаарын бохирдлыг бууруулах тухай хуультай болоод дөрөв дэхь жилийнхээ нүүрийг үзэх нь. Гэвч энэ өвөл ч утаа зоргоороо тухална гэдэг тун ойлгомжтой байна. Дулааны хэм уруудах тусам суунаглах утааны өнгө өтгөрөөд л байх янзтай. Нийслэл дэх сая хол давсан уушгины аюулгүй байдалтай холбоотой асуудал хүндрээд л байх нь. Хэдийгээр Улаанбаатар хотод 2012 оны 10-12 дугаар сарууд буюу халаалтын ачаалалтай үед агаарын бохирдол 20 орчим хувиар, бохирдолд агуулагдах хорт бодис 80 хүртэл хувиар буурсан гэх албан ёсны мэдээ байсан ч, итгэхэд хэцүү л дээ. Манай албаны нөхдүүдийн сайн сайхан үгстэй зэрэгцэн утаа бууруулах ажлыг хариуцагчид улсын мөнгийг дундаас нь шамшигдуулж байгаа явдал ч цөөнгүй гарсныг бас хэлэх хэрэгтэй. Гэтэл биднийг ийнхүү шийдэж хийж ядан салгалж байх зуур хойд хөршийн нөхдүүд манай утаанд санаа тавиад санаачлага энэ тэр гаргаад байсныг бас сануулъя. Тэд бүр манайд Эрхүүгийн техникийн их сургуулийн дэргэдэх Үндэсний судалгаа шинжилгээний технопаркаасаа  20 мянган ширхэг хосгүй цахилгаан хэрэгсэл нийлүүлнэ гээд байсан. Цахилгаан багажууд нь нанотехнологийг ашиглаж үйлдвэрлэсэн бөгөөд хэмнэлттэй аж. Гол нь эдгээр хэрэгслүүд нь Улаанбаатарыг утаа униараас салгахад тустай хэмээн “Термостат” компанийн ерөнхий захирал  Игорь Шелехов хэлжээ. Тэрээр “Бид монгол гэрийн бүтэц загварыг авч, гэрийн дулаан хуваарилалтыг тооцож гаргаснаар, гэрт халаалтын хэрэгсэл тавих хамгийн тохиромжтой газрыг тодорхойлсон. Дулааны урсгалууд нь цацрагийн байдал, өөрөөр хэлбэл газрын цахилгаан соронзон болон түүнийг хүрээлэн байгаа зүйлээс шалтгаалж байдаг. Нөгөөтэйгүүр, конвекциооны буюу, дулаан агаар дээшээ гарахад, хүйтэн агаар нь доор үлддэг. Хэрвээ эдгээр урсгалуудын нэг нь байхгүй бол хүний бие мах бодь  +23 хэмийн үед ч, таатай бус байдалд байна. Энэхүү багажыг бид дулааныг шингээж, дулаан дамжуулдаг нилээд хэдэн элементээр бүтээсэн. Эдгээр элементүүдийг гэрийн периметрээр төв хэсэгт өндөрт өлгөж суурилуулсан. Ингэснээр дулаан нь гэрт тэнцүү хуваарилагдана. Дашрамд хэлэхэд, монгол уламжлал ёс заншлыг хүндэтгэн, нэг элементийг гэрийн жижигхэн ширээн дээр суурилуулсан” хэмээн өгүүлсэн байна. Оросын хэвлэлд мэдээлснээр “Одоогийн байдлаар монголын засгийн газар нэг гэрийг 1,5 кВт цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой юм. Гэвч гэрийг өвлийн цагт тасалгааны температурт хүргэхийн тулд 2,5 кВт-аас дээш хүчин чадал байх ёстой. Тэгвэл Шелехов болон түүний нөхдийн бүтээсэн энэхүү багаж нь маш бага хүчин чадлаар монгол гэрийг таатай температурт барьж чадах юм. Учир нь уг хэрэгсэлд наноматериалыг ашигласан.

 

Халаалтын багаж нь дулааны мэдрэмжтэй нано-материалаар хангагдсан. Нано материалуудын шинж чанарууд нь хүчин чадлын хэрэглээг зохицуулахад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, блокууд нь дулааны энергийг цэнэглэж, дараа нь гадаа хэдэн хэм байгаагаас хэлбэлзэн гэрт шаардлагатай дулааныг өгнө. Энэхүү хэрэгслийг боловсруулахдаа, мэргэжилтнүүд монгол үндэсний гэрийн онцлогийг болон монголчууд гэрээсээ хэдэн цагт гарч явдаг болоод хаалгаа хаалгүй үлдээдэг зэргийг хүртэл тооцсон гэсэн байна.

 

Мөн оросууд өнгөрсөн өвөл манайд эрчим хүчний  хэмнэлттэй 500 “Термостат” багажыг нийлүүлсэн гэнэ. Харин энэ онд  ийм цахилгаан хэрэгслийг монголын 20 мянган айл гэрт нийлүүлэх гэнэ. Цаашлаад ойрын жилүүдэд оросын компани 40 мянган халаалтын хэрэгслийг Монголд нийлүүлэх төлөвлөгөөтэй гээд байсан. Тэр ажил нь чухам юу болоод байгаад анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Учир нь утааны аюултай бид дахиад л нүүр нүүрээрээ тулчихаад байна шүү дээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top