Дасгал хийхээс өмнө идэж болохгүй хоол, хүнсний талаар уншигч та өмнөх дугаараас хүлээн авсан. Тэгвэл дасгалд сайнаар нөлөөлдөг хоолнуудыг одоо нэрлэх гэж байна. Аливаа дасгалыг үр дүнд хүргэхэд дүүрэн энерги болон өлсгөлөн биш ходоодтой байх нь чухал. Гэвч хүмүүс ихэвчлэн цаг завгүй эсвэл ямар хүнс хэрэглэвэл тохиромжтой вэ гэдгээ мэддэггүй. Тиймээс дасгалын өмнө хоол идэхээс татгалздаг. Тэгвэл тэгэх хэрэггүй гэж танд зөвлөмөөр байна. Таны ходоодонд сайн нөхөр болох хоолууд бий. Нүүрс ус, уураг агуулсан хоол таныг эрч хүчтэй байлгахаас гадна яарсан үед бэлдэхэд ч хялбар юм.
Чанамалтай буудайн талх
Жимсний чанамалтай буудайн талхыг хялбар шатдаг энгийн нүүрс ус гэж ойлгох хэрэгтэй. Энэ хүнс дасгал хийж эхлээд дуусах хүртэл хэрэгтэй энергийг танд өгөөд, яг л цаас шиг шатаж орхино.
Овьёосны каш
Өглөөний дасгалын өмнө хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнс бол овьёосны каш юм.
Тараг
Тараг гэхээр иогурт гэж битгий бодоорой. Иогуртыг бодвол чихэр багатай, гол нь хэрэгцээтэй нүүрс усыг тараг агуулдаг. Ялангуяа хүнд хэлбэрийн хоол идсэний дараа дасгал хийхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс үсрэлттэй дасгалын өмнө тараг хэрэглэ. Энергиэ нэмэхийг хүсвэл жимс, зөгийн бал, буудайтай хоолтой хольж хэрэглэх хэрэгтэй.
Бор будаа бас тахиа
Хэрэв та өдрийн хоол, оройн хоолны дараа дасгал хийхээр шийдсэн бол тослог ихтэй хүнд хоолноос татгалзаж, бор будааг тахиатай идээрэй. Бор будаа нь цагаан будааг бодвол нүүрс усаар баялаг байдаг.
Бяслагтай эсвэл өндөгтэй талх
Хэрчим буудайн талх, илчлэг багатай зүсэм бяслагтай үмхээд гарчихад л ходоодонд тааламжтайгаас гадна хэрэгтэй уураг, нүүрс усаа ч авах болно. Эсвэл шарсан талх, шарсан өндөгний цагаантай хэрэглээрэй.
Эцэст нь хоол, дасгалын цагаа зөв зохицуулах нь хамгийн чухал гэдгийг зөвлөе. Тохируулж хооллохгүй бол хамгийн сайн хоол ч дасгалын үед эрч хүч сулруулж магадгүй юм. Тиймээс дасгал хийхээс өмнө багадаа 45 минутаас цагийн өмнө хоолоо идэж хэвших хэрэгтэй. Ходоод дүүрэн үед дасгал хийх нь таныг нозооруулж, удаашруулах өндөр магадлалтай. Хамгийн муу нь ходоодны хөдөлгөөнийг хязгаарлах аюултай. Учир нь дасгал хийхэд ходоодноос цусыг булчин руу татдаг. Мөн зөвлөхөд та хоол идчихээд дасгал хийтлээ 45 минут хүлээх боломжгүй байлаа гэхэд хоосон ходоодтой дасгал хийж болохгүй. Бага ч гэсэн хөнгөн зууш идэх хэрэгтэй. Дасгалынхаа өмнө тараг, жимс гэх зэрэг шингэц сайтай нүүрс ус агуулсан хөнгөхөн зүйлсийг идчихээд харин дараа нь хүссэн хоолоо идээрэй!

Сэтгэгдэл ( 1 )
Arhi l uuh heregtei shdee,turgen shingeen