Ийм нэртэй бэсрэг наадам Төв аймгийн Баянчандмань суманд болж өнгөрлөө. Энэ үеэр Монголын Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төсөлд хамрагдаж үр шимийг хүртсэн малчид талархалаа илэрхийлж, сурч мэдснээ танилцуулж, хийж бүтээснээ дэлгэн тайлбарлаж байлаа. Төслийн үр өгөөж нь үнэхээр гарт баригдаж, нүдэнд харагдахуйц аж. Хаа холын америкийн ард түмний татварын мөнгө, буцалтгүй тусламж талын Монголын малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн талхдалыг бууруулахад дорвитой өөрчлөлт авчирсныг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Малчдын бүлгийнхэн үйлдвэрлэж байгаа цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. Малчид малынхаа арьс ширээр нэхий дээл, дах, хүрэм хийж, ноос, ноолуураар цамц, ороолт, дээл оёж, эсгийгээр гутал, бойтог урлаж, сүүгээрээ төрөл бүрийн цагаан идээ үйлдвэрлэж борлуулж байна. Тэд сав баглаа боодол ч хийж, хаяг шошго ч тавьсан нь содон харагдаж байв.

-Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кембелл:
- Энэхүү ёслолын ажиллагаанд оролцож байгаа малчдын бүлгийнхний гэрүүдээр зочиллоо. Тэдний хийж бүтээсэн зүйлийг хараад бахархаж байна.Бас сэтгэлийн үгийг нь дамжуулна аа. Монголын Мянганы сорилтын сан зургаан төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр дундаас миний хувьд Хот орчмын бэлчээрийн төслийг онцолж ярих дуртай. Хот орчмын бэлчээрийн төсөлд хамрагдаж байгаа олон малчин айлд очиж ахуй амьдралтай нь танилцаж байсан. Малчид төслийн хүрээнд ямар сургалтад сууж, юу сурч мэдснээ амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгаагаа ярьцгаадаг юм. Түүгээрээ ч зогсохгүй төсөлд хамрагдаагүй бусад малчиддаа хэлж ярьж, туслах болсон нь сайхан санагддаг.

-Үйлдвэр, Хөдөө аж ахуйн дэд сайд Ц. Туваан:
- Энэхүү төсөл Улаанбаатар болон төвлөрсөн найман төв суурин газар, 50 гаруй суманд хэрэгжжээ. Хот суурин газрын ойр орчимд нутагладаг малчдыг хагас болон эрчимжсэн мал аж ахуйг эрхлэхийг нь дэмжих, бэлчээрийн талхдалыг бууруулах, амьжиргааг нь дээшлүүлэх зорилготой төсөл учраас салбарын яамны зүгээс талархан хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд манай яамны бодлого ч гэсэн эрчимжүүлсэн аж ахуйг хөгжүүлэхэд чиглэж, малчдыг хоршоолуулъя гэсэн байр суурьтай байгаа. Малчин бүртэй нэг яам хамтран ажиллах боломжгүй. Харин “нэг баг-нэг малчдын хоршоо” гэсэн бодлого дэвшүүлж байгаа. Хоршооны доод талын багасгасан нэгж нь бүлэг. Энэ зохион байгуулалтыг Монголын Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төсөл байгуулж өгснөөрөө ач холбогдолтой. Энэ төсөлд нийтдээ 1300 гаруй малчин өрх хамрагдаж 387 бүлэг байгуулж ажилласан байна.

-Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат:
- Төв аймагчуудынхаа нэрийн өмнөөс Америкийн ард түмэнд баярлалаа гэж хэлмээр байна. Хот орчмын бэлчээрийн төсөлд Төв аймгийн 14 сумын 78 малчны бүлгийн 235 малчид хамрагдсан юм. Малчдын бүлэг гэрээ байгуулж бэлчээрээ 15 жилийн хугацаатай ашиглаж байна. Багийн хурлаар хэлэлцүүлээд, ашиглуулах нь зүйтэй гэж үзвэл бэлчээрийн даацыг тодорхойлоод иргэдийн хурлаар оруулж шийдүүлээд сумынхаа засаг даргатай гэрээ байгуулан бэлчээрээ ашиглаж байгаа юм. Малчдын бүлгүүд төслөөс хүртсэн тусламжийн мөнгөнийхөө багахан хэсгийг 15 жилийн хугацаанд Сум хөгжүүлэх сандаа төлнө. Худаг гаргуулахад 4.8 сая, хашаа хорооны материал авсан бол 2.4 сая, царгасны үр нь хэдэн кг –аас хамаараад 25 хувийг буцааж төлнө гэсэн үг. Дундажлаад үзэхэд 7.2-8.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сум орон нутагтаа малчид буцаагаад оруулах юм. Төслийн энэ мөнгийг Сум хөгжүүлэх сандаа төвлөрүүлж, сумаа хөгжүүлэх, төсөлд хамрагдаагүй бүлгүүдэд эргүүлээд зарцуулах боломж бүрдэж байна. Тэгэхээр Хот орчмын бэлчээрийн төсөл хэрэгжээд дууссан ч гэлээ цаашид малчдын бүлгийг дэмжих, сум хөгжүүлэх үйл хэрэг үргэлжилнэ гэж ойлгож болох юм.

-Монголын Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төслийн захирал Б.Алтанцэцэг:
-Энэ арга хэмжээнд таван бүсийн төлөөлөл болсон малчид хүрэлцэн ирсэн юм. Малчдын санаачилгаар үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, монгол ахуй, соёл, урлаг, уламжлалыг харуулсан бэсрэг наадам хийлээ. Тодруулж хэлбэл, төслийн ашиг шимийг хүртэгчид Америкийн ард түмэнд талархалаа илэрхийлж байгаагийн нэг хэлбэр нь. 2008-2013 онд төсөл амжилттай хэрэгжээд дуусч байна. Хот орчмын бэлчээрийн төслийн нийт өртөг нь 11. 2 сая ам.доллар. Нэг малчны бүлэгт ойролцоогоор 28.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Энэ нь зөвхөн бодиттой хөрөнгө оруулалтыг тооцсон хэмжээ. Үүнээс гадна эрх зүй, мал аж ахуй, бэлчээрийн болон бүлгийн менежмэнт, маркетинг, зах зээлийн гэсэн чиглэлээр сургалтыг сүүлийн 3 жилд малчдын гэрт нь очиж явуулж, 15 цуврал ном бэлтгэж хүргүүлж,оюуны том хөрөнгө оруулалт оруулсан байгаа.

-Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Баянбулаг” бүлгийн ахлагч С.Лхагвасүрэн, гэргий Д.Оюудай:
-Энэ төсөлд хамрагдснаар малын тэжээлээ бэлтгэх аргад суралцснаас гадна хашаагаа ч засч тохижуулж, худагтай болсон доо. Гэрийнхээ хаяанд худагтай болж, усны асуудлаа шийдэхээр хагас эрчимжсэн аж ахуй эрхлэх боломж ч бүрддэг юм байна. Малаа дулаан байранд тэжээснээр ашиг шим өгөх нь ч нэмэгдэж байгаа шүү. Зуд битгий болоосой гэж тэнгэр хангайдаа залбирч суух биш өөрсдөө хичээдэг болсон.
Төслийн хүрээнд бидний тархи, толгойг ч сүрхий “цэнэглэсэн”. Гэрт хүртэл ирж сургалт хийнэ, гарын авлага, ном товхимол тараана. Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй , хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэдэг үнэн юм билээ. Оюуны хөрөнгө оруулалтыг үнэлж баршгүй ээ.

-Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл бүлгийн ахлагч Б.Баасанхүү.
- Хүүхдүүдтэйгээ нийлэн бүлэг байгуулан ажиллаж энэ төслийн үр шимийг хүртсэндээ баяртай байгаа. Манайхан Хүй долоо худагт нутагладаг. Өвөл хүйтэн тачигнаад өвөлжих аргагүй биз дээ гэж зарим хүмүүс хэлдэг юм. Гэхдээ дулаан хашаа хороотой, хадлан тэжээлээ сайн базаагаад, худагтай байхад санаа зовох зүйлгүй. Манай хүүхдүүд эрчимжсэн мал аж ахуй эрхлэхээс гадна ноос, ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулж байна. Блокны жижиг үйлдвэр ч байгуулаад эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Бидэнд итгээд амьжиргаагаа өөд тат гээд туслаж байхад бид хойш суух эрхгүй ээ.

-Дархан –Уул аймаг, Орхон сумын “Хустын ам” бүлгийн ахлагч Ц.Нацагдорж :
-Энэ төсөлд хамрагдснаар хамтарч ажиллахын “ид шидийг” мэдэрч байна. Хөдөөгийн малчид жалга жалгын мухарт буучихаад хувь хувиа хичээгээд амьдарч ирсэн. Манай бүлэг 4 малчин өрхийн 9 гишүүнтэй. Сүүгээр цагаан идээ боловсруулаад борлуулдаг. Цаашид өргөжүүлээд хоршоо байгуулахаар ажиллаж байгаа. Манай бүлэг царгас тарьдаг болсон. Сүүгээ түүхийгээр нь хөхүүрт хийж бүлээд айргийн шар тос , нэрээд монгол архиа гаргаж авна, мөн аарцаар нь ааруул хийдэг юм. Цагаан сар, баяр ёслол, хуримаар заавал гурилан хэвийн боовоор идээ засах албагүй. Бид тавгийн идээ засахад тохирсон хэвийн боов шиг хэлбэртэй ааруул хийж борлуулдаг. Дан цагаан идээгээр баярынхаа ширээг чимэх дуртай болсон байна, хүмүүс. 1000 гаруй чацарганы , 200 гаруй үхрийн нүдний модтой болсон. Хонио ноослоод ноосыг нь шууд зардаггүй, эсгий хийгээд, түүгээрээ гэрийн дээвэр, туурга, эсгий дотортой гутал хийж борлуулдаг болсон.

-Дорнод аймгийн Чойбалсан сумын “Буян”бүлгийн гишүүн Х.Тунгалагтуяа:
- Бэлчээрээ гэрээлж ашиглаж байгаа болохоор хамгаалах, сэлбэж ашиглах, ногоог нь өтгөрүүлж ургуулахад анхаардаг болсон. Эзэнтэй бэлчээр гэдэг цаана аа л өөр шүү. Дорнод аймгийн төвөөс 23 км газарт нутагладаг. 10:20 –ын харьцаатай хоёр үнээний битүү байр барьсан. Нийтдээ саалийн үнээний чиглэлийн 40 үнээтэй. Дорнод аймгийнхаа “Нянги” хэмээх компанид сүүгээ нийлүүлдэг. Гурван жил дараалан сүү нийлүүлж байна. Өвөл зунгүй л үхрээ саана. Төсөлд хамрагдаж битүү дулаан байр, худагтай болж үхрээ эрт хээлтүүлэгт оруулахад анхаарсны хүчинд өнгөрсөн жил 12 дугаар сараас үнээнүүд тугалж эхэлсэн. Энэ жилээс 11 дугаар сараас тугалж эхлэх юм. Ингэхээр өвөлжингөө, зунжингаа үхрээ саана гэсэн үг.

-Өвөрхангай аймгийн Зүүн Баян Улаан сумын “Шинэ ирээдүй” малчны бүлгийн гишүүн О.Цэвэлмаа:
- 2010 оны зуднаар манайх нялх хүүхэдтэй, бүл муутай, ганц гэрээрээ нутаглаж байсан болохоор хэцүүхэн байлаа. Олон мал зуданд нэрвэгдсэн дээ. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байсан болохоор төсөлд хамрагдахаасаа өмнө малынхаа тоо толгойг өсгөхөд л илүү анхаардаг байж. Төслийн сургалтад сууснаар өрхийн орлогоо хэрхэн өсгөх аргад суралцсан. Манай бүлэг семминтал үүлдэрийн үхрийг нутагшуулан үржүүлж байна. Сүү, махны чиглэлийнх. Монгол бяруу гэхэд л 120 кг жинтэй байхад эрлийз бяруу 200 кг жин татах жишээний. Шүдлэн эрлийз үхрийн махыг борлуулахаад 1,6 сая төгрөгт хүрдэг юм. Гэхдээ кг махыг 5000 төгрөгөөр тооцоход шүү дээ. Тэгэхээр махны чиглэлийн үхэр өсгөх нь ашигтай. Бэлчээрээ бодсон ч, ашиг шимийг нь тооцсон ч цөөн тооны өндөр үр ашиг шимтэй малтай байх нь илүү юм билээ.
Д.Дэлгэр
Сэтгэгдэл ( 0 )