38 мянган хэрэглэгчийн эрчим хүчийг түр хязгаарлалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

Хайлааст дэд станцаас тэжээгдэж буй Чингэлтэй дүүргийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооны 38 681 хэрэглэгчийн  эрчим хүчийг 07 сарын 31-ний үүрийн 03:00 цагаас 08 сарын 01-ний 22:00 цаг хүртэл хязгаарлана. Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн 50 мянга гаруй  хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг “Хайлааст” дэд станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын суурь хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, чичирсэн байдалтай, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байгаа тул  өвлийн их ачаалал эхлэхээс өмнө станцыг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Нүүлгэх явцад дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож, 110, 35кВ-ын холболтын шинн, протал, тулгуур босгох ажлыг хугацаа алдалгүй хийж  43 цагт багтаан дуусгана гэж албаны хүмүүс мэдэгдэж байна. Тиймээс тухайн хэсэгт хамрагдаж буй хэрэглэгчид техникийн зайлшгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажлаа зохицуулах шаардлага бий болж байна. Дэд станцыг нүүлгэх ажилд шаардагдах хөрөнгийг тохиолдож болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн төсвөөс гаргахаар нийслэлийн Засаг дарга шийдвэрлэжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top