Иргэдэд зуслангийн газрыг нь өмчлүүлэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор 2013 оны 08 сарын 01-ээс зуслангийн газрын тооллого бүртгэлийг эхлүүлэх болсон юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны “Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 25 дугаар тогтоолоор Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хамаарах 26 амны Ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөний дагуу боловсруулсан “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г үндэслэн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх юм.
Эхний ээлжинд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь бэлэн болсон Зуунмод, Яргайтын богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Хандгайт, Ар хустай, Шарга морьт зэрэг зуслангуудын газрыг өмчлүүлнэ. Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газруудад урьдчилсан тооллого хийсэн бөгөөд 47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарт нь газар өмчлүүлэх боломжтой гэсэн судалгааг гаргасан байна.
2013 оны 08-р сарын 01-ний өдрөөс зуслангийн газрын тооллого бүртгэл, бэлтгэл судалгааны ажилтай зэрэгцэн иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах, өмчлүүлэх ажил албан ёсоор эхлэх бөгөөд газар өмчлөх иргэд дараах материалыг бүрүүлэх юм байна.
Газар өмчлөх иргэд
1. Газар өмчлөх тухай хүсэлт гаргах батлагдсан маягтын дагуу бөглөх,
2. Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/,
4. Газрын кадастрын зураг,
5. Газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай юм.
Сэтгэгдэл ( 1 )
”Газар өмчлөх тухай хүсэлт гаргах батлагдсан маягт”-ыг татаж авах холбоос байвал хэлж өгч тусална уу