Түр товчоо байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Nрэх сарын 1-нээс эхлэн иргэдэд зуслангийн газар өмчлүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээлэл хийсэн юм. Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газруудад хийсэн урьдчилсан тооллогоор 47943 газрын 60 орчим хувийг буюу 24793 нэгжийг хувьчлах боломжтой хэмээн тогтоожээ. Харин үлдсэн газрууд нь ойн болон усан сан бүхий газар, тусгай хэрэгцээний болон зам шугам сүлжээний зэрэг газрууд дайрсан тул иргэдэд өмчлүүлэх боломжгүй ажээ. Одоогоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь бэлэн болсон Зуунмод, Хандгайтын богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Ар хустай, Шарга морьт зэрэг газруудаас өмчлүүлэх ажил эхлэх юм. Наймдугаар сараас эхлээд дүүргүүдийн газрын албаны хүмүүс өмчлүүлэх боломжтой газруудыг нарийвчлан цэгт тэмдэглэгээ хийх юм байна. Энэ дагуу иргэд хашаагаа татах бөгөөд газар өмчлүүлэх асуудалтай холбоотойгоор түргэний машин ч орох зайгүй эмх замбараагүй баригдсан зуслангуудын газрыг цэгцлэх аж. Харин дээр дурьдсан хориглосон газруудад хашаа хатгаж, байшин барьсан айлуудыг нүүлгэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Шижир хэлж байв. Хэрвээ энэ газруудад газар эзэмших гэрчилгээтэй байвал гэрчилгээг нь хүчингүй болгох аж. Түүнчлэн иргэдэд чирэгдэл хүндрэлгүй үйлчлэх үүднээс зуслангуудын аманд газар өмчлөлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх газар өмчлөлийн 6 түр товчоог байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top