Амьд хөгжим сонирхогчдын "Playtime-2013" наадам 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уг наадам нь уламжлал ёсоор Гачууртын “Монгол шилтгээн” аялал жуулчлалын цогцолборт маргааш эхэлнэ. Наадамд Монголын рок, альтернатив, индипендэнт, металл чиглэлийн шалгарсан хамтлаг болох 40 гаруй хамтлаг оролцохоос гадна DJ нар өөрсдийн “сэт”-үүдээ хүргэх юм. Мөн урилгаар оролцох болон шинэ залуу хамтлагууд хоёр тусдаа тайзан дээр хуваагдан тоглох юм. Тодруулбал, гол тайз болон мини тайз гэж хуваагдах юм. Түүнчлэн Японы алдарт “инструмент рок” чиглэлийн “Моно”, ОХУ-ын "Шторм" хамтлаг ирж тоглох гэж байгаа нь хөгжим сонирхогчдыг улам ихээр татаж байгаа аж. Тэд аялан тоглолтынхоо хуваарьт ийнхүү “Playtime-2013” наадамд оролцохоо багтаасан бөгөөд наадмын хоёр дахь өдөр тоглохоор болжээ. Тасалбарын хувьд, хоёр өдрийн нэг хүний 35 мянга, дан хоёр дахь өдрийн нэг хүний 20 мянга, таван хүний 150 мянга, 10 хүний тасалбарыг 280 мянган төгрөгөөр "Hi-Fi records" болон "Orange records"-ын салбараар худалдаалж байна.

Сэтгэгдэл ( 0 )