НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид дэмжинэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржетина Матавелла, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, ерөнхий консул Феликс Феллман, Санхүү, захиргаа хэлтсийн дарга Николь Тюурлимэнн, залуучуудын хөтөлбөрийн ажилтан Ч.Батаа нар  болон НҮБ-ын ХАС-ийн орон нутаг дахь ажилтнууд Завхан аймгийн Цагдаагийн газарт зочилж үйл  ажиллагаатай нь  танилцжээ. Зочид төлөөлөгчдийг тус аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатар болон даргын зөвлөлийн гишүүд угтан авч, уулзалт ярилцлагыг зохион байгуулсан байна.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатар аймаг орон нутгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал болон байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Баярмаа тус Цагдаагийн газарт  НҮБ-ын ХАС-ийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй цагдаагийн байгууллагад түшиглэсэн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “Нэг цэгийн үйлчилгээ” төслийн хэрэгжилтийн явцыг талаар мэдээлжээ.

Мөн оролцогчид  жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд анхаарах зарим асуудлаар санал  бодлоо солилцсон байна. Ярилцлагын төгсгөлд НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид болон Швейцарийн хөгжлийн агентлагийн ажилтнууд Завхан аймгийн Цагдаагийн газар түшиглэн байгуулагдаж буй “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн ажлыг сайшаан, цаашид  дэмжиж ажиллахаа илэрхийлсэн ба НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржетина Матавелла: “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаа тогтмолжин, иргэдэд амар тайван, аз жаргалтай амьдралыг бэлэглэж байгаа байдлыг харахыг хүсч байна” гэлээ.

Зочид төлөөлөгчид Цагдаагийн газрын “Хүүхэд хамгааллын өрөө”, “сургалт, сурталчилгааны танхим”, “Үйлчлүүлэгч хүлээн авах байр”, “Эрүүлжүүлэх баривчлах байр”-ны үйл ажиллагаатай биечлэн танилцжээ. Олон улсын байгууллагын төлөөлөгчид  Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаад, сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлэв.

Уулзалт ярилцлагад эхэнд нэр дурдсан эрхмүүдээс гадна Завхан аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, НҮБ-ын ХАС-ийн орон нутаг дахь хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадамсүрэн нар болон Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одхүү, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баатар, Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Мөнх-Очир, Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Мөнх-Очир, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Үүрийнцолмон, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Самдан, олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Баярмаа  сэтгэл зүйч, дадлагажих ажилтан П.Даваахүү нар оролцжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top