621,8 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг шүүхэд нийлүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Монгол Улсын шүүхийн цахим засаглалыг хөгжүүлэх, мэдээлэллийн технологийн дэд бүтцийг сайжруулах зорилтын хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн санхүүжилтээр техник, тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон билээ. Энэхүү төслийн хүрээнд 2011 онд 4 шүүхэд, 2012 онд 10 шүүхэд иж бүрэн сервер, сүлжээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн юм.

Харин үлдсэн нийт 32 шүүхэд нийлүүлэх иж бүрэн сервер, сүлжээний тоног төхөөрөмжүүд болон нийт шүүхэд өгөх олон үйлдэлт олшруулагч машин /48 ширхэг/ нийт 621,8 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өглөө.

Мөн түүнчлэн Өмнөговь аймгийн шүүхийн цахилгааны найдвартай ажиллагааг хангахаар цахилгааны эх үүсвэр /генератор/-ийг нийлүүллээ.

Дээрх төхөөрөмжүүд нь “Иргэн-1” програм хангамж ашиглалтад ороход бэлэн болж нийт шүүхүүдэд нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан сервер, сүлжээний дэд бүтцийг бий болгохын зэрэгцээ бусад програм хангамж, мэдээллийн сан бүрдүүлэх боломж нь нээгдэж шүүхийн дотоод ажлын шуурхай, тасралтгүй үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Нэг шүүхэд сервер 2, олон үйлдэлт олшруулагч машин 1,  серверийн тог баригч 1, сүлжээний свич 2, серверийн хамгаалалтын хайрцаг 1, сүлжээний кабель бусад дагалдах хэрэгслүүд хуваарилагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top