Рок попын “ах дүү гурав” цэргийн баяраар уулзах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Уран бүтээлийн онцлог, стиль имиж, үзэл бодлоороо рок попын ертөнцөд эрс ялгардаг үндсэрхэг үзэлтэй дуучин залуус хамтарсан тоглолтынхоо товыг дахин зарлалаа. “Харанга” хамтлагийн  дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар “Мөнх хөх тэнгэр мину” нэртэй хамтарсан цомог гаргасан даруйдаа тоглолт хийнэ гэж амласан. Гэвч үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн мөнөөх гайхалтай тоглолт нь хэд хэдэн удаа хойшлогдож, тэдний амлалт мартагдах дөхөөд байсан нь нууц биш. Гомдлын үгс чулуудсан фэнүүдийнхээ хүсэлтийг “ах дүү гурав” хүлээж авснаа дуулгахын сацуу хэдийд уулзахаа ч товлож амжжээ.

“Мөнх хөх тэнгэр мину” цомгийн баярт зориулсан томоохон хэмжээний тоглолт энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр “Улаанбаатар” ресторанд болох гэнэ. “Монголын нууц товчоо” , “Монгол нутаг мину”, “Монгол ээж” зэрэг 13 дуутай уг цомог худалдаанд гарсан цагаасаа эхлэн борлуулалтаараа тэргүүлсэн гэдэг. Дуучин залуус тоглолтоо үндэсний хэв маяг бүхий олон шийдлээр найруулан, жинхэнэ Монгол омогшлыг үзэгч сонсогчиддоо мэдрүүлэхээ амласан байна. Ерөнхий найруулагчаар нь Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа юм.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top