Сүүлийн үед булш ухаж, талийгаачдаа дээрэмдэн эд зүйлийг нь тонох хандлага эрс нэмэгдсэн. Оршуулгын газруудаар тэнэж, шарил хөндөж тоносон этгээдүүдийн ихэнх нь орон гэргүй, архичин, ядуу учраас ийн амьдралаа залгуулдаг гэх олон шалтаг тоочих нь бий. Тэгвэл өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 17-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг, Цагаан эрэг хэмээх газарт буй булш хиргэсүүрийг ухсан хэрэг гарсныг уншигчид маань санаж байгаа биз ээ. Энэхүү булш хиргэсүүр дотор байсан эртний хүний яс болон бусад зүйлийг тонож гэмтээсэн нь холбогдох байгууллагын шалгалтаар нотлогдсон бөгөөд булш тоногчдыг олж илрүүлжээ. Амар хялбар аргаар их мөнгөтэй болох гэсэн шунаг сэтгэлийн үүднээс айж ичихээ ч умартсан гэмтнүүд нь Дундговь аймгийн харьяат З, О, З нар байсан гэнэ. Тэд нутгийн иргэнээр газарчлуулан эртний хаад, ноёдын шарил хэмээн яригддаг нэгэн булшийг ухсан бөгөөд олз муутайхан буцсан гэдгээ хүлээсэн байна. Иймд булш сүйтгэсэн гэмт буруутай дөрвөн этгээдэд тус аймгийн шүүхээс хуулийн дагуу хариуцлага тооцож, 400-500 цаг албадан ажил хийлгэх ял оноосон байна. Сүйтгэгдсэн булшинд байх яс нь эртний хүнийх гэдгийг шүүхийн шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд цагдаагийн ажилтнууд бусад ясыг цуглуулахаар ажиллаж байгаа гэнэ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )
Ямар хүн дээрэмдсэн биш т****ийгаачийг дээрэмдэхэд яахав дээ. газар дор байснаас гаргаад зарж хоолоо з****гуулсан нь дээр