Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээр фэнүүдээ баярлуулсаар яваа хөдөлмөрч нэгэн. Урлагт 20 гаруй жил зүтгэж буй тэрбээр “Prosounds” дуу бичлэгийн студийн захирал төдийгүй “Extacy” хамтлагийн продюссерээр ажилладаг гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Өдгөө гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр зэхэж буй гавьяат маань өнөөдөр Хөвсгөл нутгийг зорьж буй бөгөөд түүнтэй ярилцсанаа толилуулья.
-Тоглолтын бэлтгэл ажил ямархуу шатанд явж байгаа бол?
-Тоглолт хийгээгүй зургаан жил болчихсон байна. Тиймээс гурав дахь бие даасан тоглолтоо өвөрмөц шийдэл олонтой, өргөн цар хүрээг хамруулж хийхээр төлөвлөсөн. Ялангуяа 3D тайз, гэрэл чимэглэлээр үзэгчдэдээ бэлэг барьж, тоглолтынхоо бас нэгэн сюрприз болгохоор хичээж байгаа. Үнэндээ ийм гэрэл Монголд байхгүй учир гадаадын 3D гэрлийн компаниудтай гэрээ хийх тал дээр нэлээд өөрчлөлт орж байна. Энд оруулж ирэхэд түрээс мөнгө, хил гааль гээд олон асуудал тулгарах болохоор тоглолтынхоо товыг хараахан гаргаагүй. 2000 онд “Одиссей”, 2007 онд “Нисч ирсэн дурлал” тоглолт хийхдээ би чадварлаг уран бүтээлчдээр багаа бүрдүүлэн үзэгчдэд хүргэх олон янзын шийдэлтэй болгохын тулд өндөр зардал гаргаж байсан. Тэгэхээр өмнөхөөсөө ч илүү сайхан тоглолт хийхийг хүсч байна. Мөн гавьяат жүжигчин цол аваад удаагүй учраас үзэгчидтэйгээ чанартай, сайн тоглолтоор уулзах өндөр үүрэг хариуцлага ирсэн гэж би ойлгож явдаг. Цаг хугацаанаас илүү чанарыг чухалчилж үзсэн тул тоглолтынхоо товыг ч зарлаагүй. Энэ сарын сүүлээр тоглолт хийх гэж байгаа тухай ташаа мэдээлэл цацагдсан байна лээ.

-Шинэ дуунуудаасаа сонирхуулахгүй юу?
-Тоглолтондоо зориулсан хоёр шинэ дуун дээрээ ажиллаж байгаа. "Яагаад ч юм" нэртэй хайрын дуугаа дуучин Ж.Чингистэй хамтарч дуулж клип хийлгэсэн. Дууны хөгжмийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, үгийг яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа бичсэн. Ая зохиогч, гитарчин Өөжгий “Чамайгаа үнсье” хэмээх их гоё дууг тоглолтод маань зориулж хийсэн. Энэ дууг би олон жил бие биенээ хүндэлж хайрлан, зовлон жаргалыг хамтдаа туулсан хосууддаа зориулж дуулсан, тун удахгүй хит болох байх аа. Үүнээс гадна “Антигона”, “Бооцоо” зэрэг жүжгийн дуу, “Будан суухаас минь өмнө” дуу, хүүхдийн хоортой цуг дуулсан “Өнчин цагаан ботго, дуучин С.Нарантай хамтарч дуулсан “Найзууд, Дашка ахтай дуулсан “Гэгээн Муза” зэрэг дуунууд тоглолтод маань дуулагдана. Бүжигчдийн хувьд Ардын дуу бүжгийн чуулгынхантай хамтарч ажиллах юм. Энэ мэтээр тоглолт маань олон талын ажилтай, өндөр зардлаар бүтэх учраас би бага зэрэг эмээж байна. Рок поп дуучдын тоглолт өндөр мэдрэмж шаарддаг шүү дээ. Тайз засал, гэрэл чимэглэл гээд бүх зүйл дээр үзэгчдээ хүндэтгэсэн томоохон хэмжээний тоглолт хийхээр бэлтгэж байна даа.
-"Яагаад ч юм" дууны клипны зураг авалтад төрийн их удирдагч Ю.Цэдэнбал агсны унаж байсан машиныг оруулсан гэсэн?
-Тийм ээ, төрийн их удирдагчийн унаж байсан “Бенц” машиныг клипэндээ оруулсан надад их гоё санагдсан. Харин хүйтэн гараажид зураг авалт үргэлжилсэн болохоор ханиад хүрчихсэн явна.(инээв)
-Поп опера чиглэлийн уран бүтээлээр цомог гаргана гэсэн тань юу болов?
-Цомгийн ажил хэдийнэ эхэлчихсэн. Тоглолтод маань шинэ цомгийн сонгодог дуунууд эгшиглэнэ шүү. Шинэ уран бүтээлүүд маань үзэгчдэд таалагдах болов уу гэж бодож байна. Клипний зураг авалтад энэ зун орно гэж төлөвлөсөн. 2013 оныг уран бүтээлийн жил болгоод өөрөө өөртөө зарлачихсан байгаа шүү дээ. Өмнөх жилүүдэд дандаа бусдын юмыг хийж явсан бол, энэ удаад өөрийнхөө уран бүтээлийг хийхээр шийдсэн. Тоглолт хийх цаг хугацаа маань ч болсон гэж үздэг. Манай тоглолтын багт их мундаг хүмүүс багтсан. Ерөнхий найруулагчаар нь Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуай, туслах найруулагчаар “рок” Ж.Мөнхсайхан ах ажиллаж байгаа. Ж.Мөнхсайхан ах миний хоёр ч тоглолтыг найруулсан хүн шүү дээ. Энэ удаад ерөнхий найруулагчаар Д.Сосорбарам гуайг сонгосон нь ч учиртай. Ардын болон сонгодог урлагийг маш их хүндэтгэдэг, урлагт ямар нэгэн амбицгүй, сэтгэл зүрхээ зориулж чаддаг болохоор би түүнийг энэхүү хүндэтгэлийн тоглолтдоо хамтарч ажиллахыг урьсан. Нөгөө талаасаа тоглолт маань их драмтай, философитой болох байх гэж бодож байна. Амьд тоглолт хийх учраас бүх дууныхаа хөгжмийн найруулгыг шинээр хийлгэж байгаа. Улсын филармонийн симфони оркестр тоглолтод оролцох юм. Студийн уран бүтээлчдээс гадна “Гэсү дизайн”-ыхан гэрэл чимэглэл, тайз заслыг хариуцаж ажиллана. Ирэх сарын эхээр энэ тоглолтоороо уулзая даа.
-Өмнөх хоёр тоглолт шигээ өвөрмөц нэртэй болгох уу?
-Одоохондоо нэр өгөөгүй байна. Д.Сосорбарам ах нэр өгөх байх л даа. Бид нар өөрсдийнхөө уран бүтээлд хүндэтгэлтэй хандах ёстой. Цаг хугацаа, хөрөнгө мөнгөнд хавчигдан байж нэг уран бүтээл хийгээд л асар их шүүмжлэл хүлээдэг болж. Ер нь нийгэм маань тэр чигээрээ шүүмжлэгчдийн ертөнц болсон байна шүү дээ. Тийм учраас би бага шүүмжлүүлэх, мөн дотор минь нуугдаж байгаа тэр зүйлийг ил гаргахын тулд хичээж ажиллана гэж бодож байгаа. Хэдийгээр дуурийн дуучны мэргэжлээр суралцаж төгссөн хэдий ч намайг сонгодог ари дуулж байхыг хүмүүс хараагүй. Тэгэхээр энэ удаа юу чаддагаа харуулна. Зөвхөн сонгодог гэлтгүй олонд хүрсэн сайхан дуунуудаа зориулах учраас хүндэтгэлийн тоглолт болно.
-Хөвсгөл рүү ямар ажлаар явах гэж байгаа юм бэ?
-Худалдаа аж үйлдвэрийн танхимын эмэгтэйчүүдийн урилгаар тэнд очиж дуулна. Хөвсгөл нутгийн эмэгтэйчүүдтэй нэгэн үдэш халуун дулаан яриа өрнүүлж, ая дуугаар бэлэг барих болсондоо би баяртай байгаа. Орон нутгийнхан маань намайг хүндэлж урьсан, баяраа хамт тэмдэглэх гэж буй нь сайхан хэрэг. Тэнд хоёр хоноод ирнэ дээ.
Р.Мөнгөн