Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд өнөөдөр томоохон хэмжээний тоглолт хийх гэж буй. Тэрбээр эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг 2011 онд санаачлан эхлүүлж, 21 аймагт “Түмний гал тахих” ёслол үйлдэж байсан удаатай. Энэ ч утгаараа, гал тахих ёслолоо улам өргөжүүлэн монгол туургатнуудыг хамруулсан “Хамаг Монгол” төслийг эхлүүлжээ. Түүний тоглолт UB palace-ын концертын их танхимд хоёр өдөр болох бөгөөд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучид оролцох юм байна. Мэдээж хэрэг, уран бүтээлийн андууд нь энэ үдэш ая дуугаа өргөх нь тодорхой биз.
Дуучин залуугийн сэтгэл, зүтгэл шингэсэн энэхүү тоглолтыг нь түүний эхнэр Г.Эрдэнэчимэг нээх бөгөөд “Чингисийн хоёр загал” уртын дуугаар ая барих гэнэ. Үндэсний өв уламжлалаа эрхэмлэдэг эр нөхрийнхөө ажил үйлсийг уран бүтээлээсээ ч дээгүүрт тавьдаг Г.Эрдэнэчимэг “Хамаг Монгол” тоглолтыг нээх болсондоо сэтгэл нь догдолж,өөрт нь өндөр үүрэг хариуцлага оногдож буйг илэрхийлсэн байна.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )