Гадаадад байгуулагдсан Монголын анхны мэргэжлийн телевиз

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

АНУ дахь Монгол Телевиз нь 2008 оны 10 сарын 10-нд анхны нэвтрүүлгээ Америкийн телевизийн олон нийтэд зориулсан сувгаар цацаж эхэлсэн .Энэ нь гадаадад байгуулагдсан анхны Монгол телевиз төдийгүй телевизийн үндсэн мэргэжилтнүүдийг түшиж байгуулсанаараа Монголын анхны мэргэжлийн телевиз юм.

АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг Вашингтон хот орчмын арваад хотод,монголчууд харьцангуй олноороо суурьшсан Арлингтон, Файрфаxийн нутаг дэвсгэрт 7 хоногт 2-4 удаагийн давтамжтайгаар цацагдаж байна.

Moнгол Телевиз нэвтрүүлгээ зөвхөн америкийн эфирт цацаад зогсохгүй дэлхийгээр тархан суугаа монголчуудын мэдээллийн төв-worldmongol.com, medeelel.com,orloo.com, dayarmongol.com сайтууд дээр байршуулдаг.

Монгол Телевиз сэтгүүлч,найруулагч,зураглаач зэрэг үндсэн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн бөгөөд телевизийн ажилд сонирхолтой залуучуудыг нэвтрүүлэгтээ дайчилдаг.

Тус телевизийн захирал Ц.Сарантуяа Москва хотын Олон Улсын Харилцааны Дээд Сургууль төгссөн.Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Улс төр, мэдээллийн "7 хоногийн тойм", нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд оролцдог "Эвлүүлэггүй яриа"шууд нэвтрүүлгийг олон жил дагнан хөтөлсөн. Австрали, Чили, Тайланд, Шри Ланка, Малайз, Сингапур, Англи, Швед, Норвеги, Дани, БНХАУ, ОХУ-д болсон олон улсын арга хэмжээнүүд, Монголын төр,засгийн тэргүүнүүдийн гадаадад хийсэн албан ёсны айлчлалуудыг сурвалжилж, телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн.Ц.Сарантуяа нь эх орондоо телевизийн сэтгүүлчээр ажилласан олон жилийн туршлага,Вашингтон хотод Дэлхийн сэтгүүл зүй,шуурхай мэдээллийн музей-Newseum болон АНУ-ын  Төрийн Департaментын Гадаад xэвлэлийн төвийн монгол сурвалжлагчийн статус дээрээ тулгуурлан телевизээ ерөнхийд нь удирдан зохион байгуулдаг.

АНУ дахь Монгол Телевиз Америкт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажилладаг. Тухайлбал, АНУ-ын Нийслэл дэх Монгол сургууль,Монгол Улсын Элчин Сайдын Яам, АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн "Соёл" Xолбоо,Вашингтон хот орчмын монголчуудын холбоо зэрэг олон байгууллага,хүмүүс бий. 2009 онд Монголчуудын холбоо Монгол Телевизэд мэдээллийн шилдэг байгууллагын шагнал олгосон.2011 онд Монгол Улсын ЭСЯ, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн сан,Арлингтоны соёлын хэлтэс өргөмжлөлөө тус тус гардуулсан. 2010 онд Даяар Монгол сонины нэрлэдэг америкийн монголчуудын оны онцлох 10 хүний тоонд тус телевизийн захирал Ц.Сарантуяа шалгарсан.

АНУ дахь Монгол Телевизтэй холбоотой мэдээлэл болон санал хүсэлтээ mongoltv@gmail.com, tvmongolia@yahoo.com хаягуудаар ирүүлж, чөлөөтэй харилцаж болно.


                                        МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ ГАДААДАД АНХ УДАА САЛБАРАА НЭЭВ.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл гадаадад анх удаа салбараа нээлээ.Тэгэхдээ бүр сэтгүүл зүй,чөлөөт,ардчилсан хэвлэл мэдээлэл өндөр хөгжсөн Америкийн нийслэл Вашингтонд нээлээ.
Монгол Улсаа гадаадад сурталчлах,хилийн чанадад ажиллаж,амьдарч байгаа нутаг нэгтнүүдээ мэдээллээр хангах чөлөөт индэр болсон АНУ дахь Монгол Телевизийн сэтгүүлч,уран бүтээлчид энэ сайхан үйлсийн анхдагчид болов.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гадаад дахь салбарын тэргүүнээр АНУ дахь Монгол Телевизийн захирал Ц.Сарантуяа,дэд тэргүүнээр Чикаго хотод суугаа сэтгүүлч Д.Уранзул нар сонгогдон ажлаа эхлээд байна.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гадаад дахь салбарынхан цаашдаа Америкийн бусад хот болон Европ,Азид салбараа өргөжүүлэх юм.

               АНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ ГАДААДААС АНХ УДАА ХАМТ ОЛНООРОО МСЭ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гадаад дахь анхны салбар АНУ-д нээгдсэнтэй холбогдуулан АНУ дахь Монгол Телевизийн уран бүтээлчид гадаадаас анх удаа хамт олноороо Монголын Сэтгүүлчдийн Эвлэлд гишүүнээр элсэв.Тус телевизийн сэтгүүлч,найруулагч,зураглаач,инженер техникийн 10 гаруй хүн Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүнчлэлээ сэргээх буюу шинээр гишүүн боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top