Монгол улсад Сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 100 жилийн тэртээ анх тулгаа тулж байсан сэтгүүл зүйн салбар өдгөө эрийн цээнд хүрчээ. 100 нас гэдэг хүний амьдралаар бол өндөр нас хэдий ч сэтгүүл зүй хэмээх эл том салбарын хувьд эрийн цээнд хүрч байгаа идэр залуу нас.
1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монголын сэхээтнүүд хамтран “Шинэ толь” хэмээх сонинг анх удаа гаргаж байсан учраас энэ өдрийг Монголын сэтгүүл зүй мэндэлсэн өдөр хэмээн үздэг. Эл өдрөөс хойш 100 жилийн турш өндөр нам, хазгай муруй гээд бартаат замыг туулан ирсэн сэтгүүл зүй амь тасраагүйгээр үл барам Монгол улсад сэтгүүл зүй шар хэвлэл, өдөр тутмын хэвлэл, радио ФМ, телевиз, сэтгүүл, цахим сэтгүүл зүй гээд байж болох бүхий л мэдээллийн хэрэгслүүд төрөлжин хөгжиж ирсэн юм. Энэ утгаараа сэтгүүл зүйн салбарт ололт, амжилт олон бий.
Нэг талаас харахад дэлхийн сэтгүүл зүйгээс дутахааргүй төвшинд хүрч хөгжсөн ч нөгөө талаар учир дутагдал бий гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрнө. Шулуухан хэлэхэд дөрөв дэх засаглал гэх эл том салбарыг бусдаас хараат бус байх асар том хаалт хамгаалалт болох эрхзүй, эдийн засгийн орчинд улстөрчдийн хуруу хумс нэвтрэн орж ирснээр мэдээллийн хэрэгсэл маань өөрөө утгаа алдаж хэн нэгэн рүү чиглэсэн дайрч давшилсан мэдээлэл түгээх болсон. Энэ нь Монголын сэтгүүл зүйд “муу нэр” дуулгах гол түлхүүр болж эхэлсэн.
Харин сэтгүүлчийн эрэн сурвалжилж, хүч хөдөлмөрөө зарцуулан байж олсон факт баримтыг эндээс ялган салгаж ойлгох хэрэгтэй. Хэн нэгний хууль бус үйлдлийг илчилж, эрэн сурвалжилснаар хүний ул шагайсан, муулсан, дайрсан асуудал болох ёсгүй. Бодит байдал дээр буй фактыг баримтаар нотлон бичсэн бол сэтгүүл зүйн бүтээл мөн.
Ерөөс сэтгүүл зүйг улстөрчдөөс ангид байлгаж, эдийн засгийн хараат байдлаас нь салгавал Монгол Улсад Сэтгүүл зүй жинхэнэ утгаараа “Дөрөв дэхь засаглал” болон хөгжинө. Ямартай ч сайн муу хэлүүлж, ололт амжилтаар дүүрэн явж ирсэн Монгол Улсын Үндэсний Сэтгүүл зүй 100 жил Монголын түүхийг бичиж 100 насыг наслалаа.
Монгол Улсын Үндэсний Сэтгүүл зүйг “Дөрөв дэхь засаглал” болгон хөгжүүлэхийн тулд замын бартааг үл хайхран зүтгэн, тулгыг нь тулж, тооныг нь өргөсөн ахмадууд болон 100 настай идэр залуу сэтгүүл зүйн өмнө мэхийн ёслоё.
Дөрөв дэхь Засаглал хөгжин дэвжих болтугай.
Ж.Нарангарав

Сэтгэгдэл ( 0 )