Дөнгөж 12-хон настайгаасаа эхэлж загварын тайзнаа алхаж, миссийн тэмцээнд өрсөлдөх болсон мисс И.Төгсөөг танихгүй хүн ховор биз ээ. Өдгөө ХУИС-ийн олон улсын харилцаа, эдийн засгийн ангийн гуравдугаар дамжааны оюутан бүсгүй цаашид “Miss World” тэмцээнд оролцон эдгээр амжилтаа бататгах томоохон зорилго тээж явдаг юм билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Олон тэмцээн уралдаанд оролцсон гэхэд их даруухан юм. Бусад миссийн хувьд үргэлж олны анхааралд өртөж явдаг шүү дээ?
-Хэн байх нь хамаагүй ээ. Би бусдын л адил аав ээжийн хайртай охин. Үнэтэй машин, элдэв гоёлоос илүү өөрийнхөөрөө байх нь чухал санагддаг. Мисс, загвар өмсөгч хүн гэхээр л заавал бусдаас ялгарах албагүй. Тэгээд ч би хувь хүнийхээ үзэл бодлыг чухалчилж, худлаа дүр эсгэж чаддаггүй.
-Загварын бүсгүйчүүд хувцас сонголтын тал дээр мэдрэмжтэй хандах нь тодорхой. Та ямар гоёлыг түлхүү сонирхдог бол?
-Би брэнд, энэ тэр гэж туйлшрах дургүй. Биед эвтэйхэн, өөрт таалагдсан хувцсаа өмсөнө. Үнэнийг хэлэхэд, найзууд маань “Чи ихэнх үед кет өмсч, үүргэвч үүрэх юм. Чөлөөт загварын хувцаснаас уйдахгүй байна уу” гэж асуудаг. Яахав, тодорхой хэмжээний арга хэмжээнд очих хэрэг гарвал хувцсаа тохируулаад өмсчихнө. Харин бусад үед энгийн, чөлөөтэй байдлаар хувцаслах дуртай.
-Таныг бараг титмийн цуглуулгатай гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Өнгөрсөн хугацаанд хэчнээн тэмцээнд оролцов оо?
-Өө, бараг тоогоо алдсан байх. Амжилтуудаасаа дурдвал “Үнсгэлжин” наадмын тэргүүн байр, “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ мисс-2007” тэмцээний дэд байр, “Miss Friendship International-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс-2009” тэмцээний тэргүүн байр, “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн оргилд-2010” тэмцээний тэргүүн байр, “Miss Global beauty Queen-2010” тэмцээний тэргүүн байр, “Miss Mongolia-2011” тэмцээний тэргүүн байр, “Miss International-2011” тэмцээний гуравдугаар байр, “Төв Азийн мисс-2012” тэмцээний “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс” өргөмжлөл байна даа.
-Цаашид миссийн тэмцээнд оролцсоор байх уу?
-“Miss World” тэмцээнд өрсөлдөх Монгол бүсгүйг шалгаруулах тэмцээн эх оронд минь зохиогдвол би оролцоно оо. Дэлхийд нэр хүндтэй энэ тэмцээнд оролцож чадвал дахиж өөр тэмцээн, уралдаанд оролцохгүй гэж бодож байгаа.
-“Miss World” тэмцээнд амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Мэдээж хэрэг, энэ тэмцээнд оролцох хүсэл мөрөөдлөөс гадна чамлахааргүй туршлага байгаа учраас надад тодорхой хэмжээний итгэл байлгүй яахав. “Desoft media” студиэс “Miss World Mongolia” тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгуулах юм бол надад татгалзах зүйл алга. Харин иймэрхүү шалгаруулалт болохгүй бол, “Miss World-2013” тэмцээнд өрсөлдөх өөр нэг оролцогч нь бэлтгэлээ нууцхан хийгээд явж байх биз дээ.(инээв)
-Сүүлийн үед ямар шалгаруулалтаар сонгосон нь тодорхойгүй оролцогчид энэ тэмцээнд өрсөлдөх болсон. Амжилт гаргахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой байх?
-Манайд миссийн төрлийн тэмцээн хэт их зохиогдож байгаагаас болоод нэр хүнд нь уначихсан шүү дээ, үнэнийг хэлэхэд. Түүний оронд чанартай ганц хоёр тэмцээн зохиогоод, тэндээс шалгарсан чадварлаг охидыг “Miss World”, “Miss International”, “Miss University” зэрэг томоохон тэмцээнд оролцуулбал зүгээр байх гэж боддог юм. Нэр, төрөл нь хоорондоо бараг ялгагдахгүй шахам олон тэмцээн зохион байгуулснаас болоод миссүүдийн нэр хүнд ч гэсэн маш их унаж байгаа.
-Аль ч талаараа үлгэр дуурайлал болох ёстой миссүүд маань үг хэл, үйл хөдлөлөө хүртэл анхаарч баймаар санагддаг. Гэтэл нүцгэн зургаа уралдах шахам олон нийтэд тарааж байгаа мисс олширлоо?
-Надад нүцгэн зураг авахуулах санал ирвэл хүлээж авахгүй. Яагаад гэвэл, би хүмүүнлэгийн элч төлөөлөгч. Олон улсын тэмцээнд оролцож, тодорхой хэмжээний шагнал авсан учраас энэ нэр хүнд, титмийн үнэ цэнээс гадна өндөр үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ ойлгодог. Тэгэхээр хэчнээн өндөр шан харамж амласан ч гэлээ, би хэзээ ч нүцгэн зургаа авахуулахгүй. Үүгээрээ би бусад хүнийг муучилсан юм биш шүү. Үнэхээр эмэгтэй хүний гоо сайхныг урлаг, уран сайхны түвшинд харуулсан зураг авалт хийвэл болох л байх. Харин миний хувьд өөр.
-Тэгвэл хувийн зургийн цомогтоо зориулж авахуулах уу?
-Үгүй байх аа. Хэзээ ч авахуулахгүй биз.(инээв)
-Миссийн титэм гардаад удалгүй ухаан алдаж унасан гэсэн. Юунаас болоод тэр вэ?
-“Miss Global-2010” тэмцээн “Tsuki house”-т зохион байгуулагдсан шүү дээ. Шагналаа гардчихаад хоёр давхрын урсдаг шатаар доош буухаар явсан юм. Тухайн үед хэт их баярлаж, сэтгэл хөдөлсөн байсныг ч хэлэх үү. Шатан дээр хальт гишгэж унахдаа ухаан алдсан юм билээ. Хамгийн хөгжилтэй нь, унах үедээ авч барьсан титмээ ухаан орох мөчид тас атгачихсан хэвтэж байгаагаа мэдсэн. Гэрийнхэн, найз нөхөд маань сандраад сүйд болсон хэрнээ “Чи унахдаа бас титмээ барьж авахаа мартаагүй байна шүү” гэж шоолж байлаа. Мөнгөн титмийн маань нэг үзүүрийн шигтгээ хугараад уначихсан байсныг сүүлд нь мэдсэн дээ.
-Миссүүд киноны урилга гардах нь олонтаа. Та энэ тал дээр ямархуу бодолтой явдаг вэ?
-Одоохондоо ирээгүй л байна. Хэрэв зохиол нь таалагдвал тоглоно гэж бодож байна. Залуу насныхаа дүрийг дэлгэцэнд мөнхлөх буруу биш байх аа. Ялангуяа түүхэн киноны дүрд дуртайяа тоглоно.
-Найз залуутай болсон эсэх талаар сонирхох хүн олон байгаа биз?
-Одоохондоо ганцаараа л явж байна. Магадгүй, хэдэн жилийн дараа сонирхлыг минь татах залуу тааралдах биз. Танилцах, үерхэх санал зөндөө ирдэг ч зөвшөөрдөггүй юм. Аав ээжийн хайртай бага охиноор л өөрийгөө төсөөлж явна. Тэднийхээ хайр халамж, халуун дулаан ертөнцөд байхдаа би хэзээ ч ганцаарддаггүй.
-Залуучуудад тавих шалгуур тань өссөөр л байна уу?
-Миний хувьд, өөрийн гэсэн шалгуур тавилгүй яахав. Хамгийн гол нь эмэгтэй хүнийг ээж шигээ хүндэлж хайрладаг, муу муухай үгээр хэзээ ч гомдоохгүй тийм л залуу байгаасай гэж хүсч явдаг.
-Сургуулиа төгсөөд юу хийхээ төлөвлөсөн үү?
-Мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор гадаадад суралцаж, эх орондоо ихийг хийж бүтээх чадварлаг боловсон хүчин болохыг зорьж явна.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 1 )