Дуучин, хөтлөгч, жүжигчин, эдийн засагч зэрэг олон төрлийн авьяастай Д.Цовоо сүүлийн үед хуучны дуунуудыг сэргээж дуулах хоббитой болоод байгаа. Энэ хүсэлдээ “Харанга” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Ц.Энхманлайг уруу татсан бөгөөд “Манай орцны миний багын дуунууд” нэртэй хоёр ч цомог гаргаад амжсан. Эдгээр бүтээлээ гаргасан даруйдаа жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тоглолт хийдэг цоглог бүсгүй одоо гурав дахь цомгоо сонирхуулахад бэлэн болсон гэнэ. Орцны найзууд уламжлал ёсоор “Баянгол” ресторанд тухлахаар зэхсэн бөгөөд энэ сарын 7, 8-нд сонсогч фэнүүдээ урьсан аж. Уран бүтээл хийх хөрөнгө санхүүгийн тал дээр ямар ч асуудалгүй гэлцдэг Д.Цовоо эрхэм гавьяаттай цуг гитар тоглож, нэгэн үдшийг дуулж хуурдан өнгөрүүлэх нь. Тэрбээр 1970, 1980-аад оны үеийн дуунуудаар үе тэнгийнхэндээ бэлэг барьж, цөөн хүмүүсийн хүрээнд тоглолт хийх нь ашиг орлогоос илүүтэй сэтгэлийн нандин дурсамж үлдээх ховор агшин гэж үздэг гэнэ лээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )