“Hamba film” студийн захирал, найруулагч Д.Ганболд гэгч энэ эрхмийг урлагийнхан Тука нэрээр нь андахгүй. “Орхидос” киногоороо нийгэмд бугшсан далд сэдвийг хөндөж чадсанаараа ихэд бахархах дуртай мань эр хэдхэн хоногийн өмнө “Улаан дөрвөлжин” киноныхоо нээлтийг хийсэн билээ. Жихүүдэс төрүүлэм үйл явдал, сэтгэл эмзэглүүлсэн дүр төрхийг энэ удаад ч мөн харуулахаар зорьсон Д.Ганболдыг зарим хүмүүс “Дандаа айдас хүйдэс, аллага, хүчирхийлэлтэй кино хийж байх юм” гэж шүүмжилдэг нь нууц биш.
Харин найз нөхөд нь түүнийг “Хэр баргийн найруулагч барьж аваад хийгээд байдаггүй өвөрмөц бүтээл хийдэг содон найруулагчийн нэг” хэмээн өмөөрдөг. Хэлье гэснээ хэний ч өмнө хэлчихдэг шударга нь дэндсэн эрхэм найруулагч угтаа бол “Гитлер” хочтой юм билээ. Ажлынхаа өрөөний хойморт зууны дарангуйлагчаар тодорсон Гитлерийн хэд хэдэн зургийг залж, хас тэмдэг бүхий этгээд малгайгаар гоёдог Д.Ганболд стильдээ тун ч үнэнч аж.
Тэрбээр шинэ киноныхоо нээлтэн дээр “Энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг би уран бүтээлээрээ уудалж гаргая гэж зорьсон юм. Хэрэв тэгж чадсан бол өөртөө баярлая. Чадаагүй бол хохь чинь гэж хэлнэ дээ” хэмээн хэвлэлийнхэнд тайлагнаж явсан бөгөөд жүжигчид нь түүнийг “Ёстой л чанга эр дээ” хэмээн шивэр авир хийлцэж байжээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )