Улстөржсөн урлагийнхан буюу бялууны үнэр

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Урлагийнхан гэж сайн муугаараа дуудуулсан “чихгүй” нөхөд олон бий. Ялангуяа хулгайн дуу, хуулбар хэв маягаараа хэнийг ч дагуулахааргүй мэргэшсэн дуучид ямар нэгэн баяр ёслол дөхөхөөр “амь оров уу” гэлтэй гэнэтхэн л гарч ирдэг нь жам мэт. Ганц нэг шинэ дуугаа нэмж хачирлаад л аль хэдийнэ олны сонорт хүрсэн хуучин бүтээлүүдээрээ тоглолт хийж, халаасаа түнтийлгэж сурсан улс. Тоглолтоос бусад үед баярын арга хэмжээ, шоу цэнгүүн, найр наадам хэсээд “ам барих” ид шидээрээ овоо хөөрхөн халтуур хийчихдэг тэдний дунд улстөржих моод дэлгэрээд удаж буй. Ялангуяа сонгууль ойртохоор л улиг болсон царай, уйдаж үхмээр амлалтуудаараа харин ч нэг залхаах шиг болдог улстөрчидтэй эн зэрэгцээд зүтгэж гарна. Уг нь сонгууль болохоор аль нэг нам, хэн нэгэн улстөрчийг дагаад л сурталчилгааны тоглолтоос нь багагүй ашиг хүртэж явсан цаг тэдэнд бий. Гэвч урлаг соёлынхон сонгуулийн сурталчилгаанд оролцох эрхгүй болсноор “өлсөж үхэх” дээрээ тулсан өнөө хэдэн дуучид маань өөрсдөө нэр дэвшихээр шийдсэн гэж цуурцгаав. Худлаа гэж мэлзсэн ч тэр дорхноо л баригдах нь тэр. Олны танил эрхмүүд дуулж хуурдахаа болиод улс төр ярьж, намын батлах өвөртлөхөөр ийн яарсан.  

“Урлагт элэггүй улс” хэмээн чичилж явснаа мартаж орхиод улстөрчдөд хайр зарласан дуучид одоо намын байраар эргэлдэж, сонгуулийн ажилд нууцхан оролцож явна. Зарим нь бүр үндсэрхэг үзлээрээ имиж хийж дээл хувцаснаас салахаа больсон бол, зарим хэсэг нь улс төрийн аль нэг нам эвсэлд зориулан уран бүтээлээ туурвиж эхэллээ. Янз бүрээр хувирч, өөрсдөө ч бараг итгэхгүй байгаа үлгэр шиг гоё амлалтуудаар фэнүүдээ уяраах болсон дуучид цаашид ямархуу улстөрч болохоо харуулахаар шамдаж буй. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, Б.Хишигбаяр, дуучин Тимон буюу Н.Учрал, “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, реппер Quiza гээд дурдаад байвал нэлээд урт жагсаалт болно шүү. Албан тушаалын бялуу хүртээд аятайхан суудалд тухалсан тэдний араас мисс, загвар өмсөгч, жүжигчин, найруулагч гэх мэт янз бүрийн хүмүүс улс төр рүү хошуурч байна.

Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нэгэн үе Хөгжим бүжгийн коллежийн захирлаар ажиллаж байгаад өөр салбар руу шилжсэн. МАН-ын улаан фэн гэгддэг Н.Учрал ч “Royal” академийнхаа хажуугаар улс төр судлаад завгүй яваа. А.Хаянхярваагийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Орон нутгийн сонгуульд МАН-аас  нэр дэвшиж байсан удаатай. За тэгээд, бусад нь төрийн албанд шургалан хэрэндээ л улстөржсөн “хурган дарга” нар болцгоосон доо. Хэдэн репперээ шоглож, хэлэх хэлэхгүй үгээр давшилж явсан ноён Quiza таавар мэт амьдралаасаа холдож, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга болоод авсан. Хамтрагчаа ханиараа сонгож, хайрын дуугаар хосолж байсан Б.Хишигбаяр намынхаа буянаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирлын суудалд төвөггүйхэн заларчээ. Улс төрийн тухайд тодорхой ойлголт муутай, урлагаас өөрийг бодолгүй өдий хүртэл явж ирсэн тэдний хувьд ажил мэргэжлээс нь илүү албан тушаал хамгийн амттай санагдаж байгаа биз. Юутай ч урлагийн тайзнаас “бөөндсөн” одон медалиа цааш нь хийгээд, улс төрөөс “бөөндөх” ашиг хонжоогоо чухалчилсан улстөрч-дуучид өнөө цагт олширсоор...

Улс төрд хөл тавих овсгоогүй дуучид нь ч намын уриа лоозон бүхий илт ухуулгын шинж чанартай дуунд нугасгүй болчихсон. Магадгүй тэд мөнгөгүй, эсвэл танил тал муутай учраас л улстөрчдийн “хайрыг татсан” ийм зүйлээр амиа аргацааж байгаа биз. УИХ-ын 2012 сонгуулийн өмнөхөн далд сурталчилгаа бүхий кино жүжиг, дуу, шүлэг мөн ч их төрсөн дөө. Дуулж байгаа нь ч тэр, дуулуулж байгаа нь ч тэр. Ичих нүүр алга аа. Нэрийг нь хэлээд яахав. Гавьяат жүжигчин цолтой, Зууны манлай энэ тэр гэсэн элдэв гуншинтай нэг дуучин сонгуулийн сурталчилгаанд зориулсан дууг доод тал нь хоёр сая төгрөгөөр дуулж өгдөг гэх бөгөөд клип хийлгэж, олны хүртээл болгосон мөнөөх бүтээлүүдээ одоо бараг мартсан гэдгээ ч нуугаагүй. “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулууны “Нар” дуу олны сэтгэлд ихэд нийцсэн боловч намын сурталчилгаатай клипийг нь үзээд урам хугарсан хүн цөөнгүй. Түүнээс бүр өмнө үзэгчдийн хүртээл болсон “Помогите нам-3” кино ч гавьяат жүжигчин Т.Баясгалангийн нөхөртөө барьсан сонгуулийн бэлэг байв. Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдэд инээд бэлэглэсэн тус киноны эхний хоёр анги ийнхүү сонгуулийн үнэр ханхлуулсан отгон “дүүдээ” эргэж сэхэхээргүй болтлоо нам цохиулсан юм. Энэ мэтээр анхаарал татсан бүхэн сонгууль болж хувираад урлаг гэдэг утгаа алдсаныг нотолсон зүйл их л болж байна.

Худалч хүнд, бараг л өлгийтэй байхаасаа эхлэн дуулж хуурдаад, дуучин болохыг мөрөөдөж явсан гэж ярих дуртай урлагийнхан маань улстөржөөд ёстой сонин байна аа. “Тэд зүгээр л дуугаа дуулж, тоглолтоо хийгээд явахад юу нь болохгүй байгаа юм бэ” гэж гайхах хүмүүс ч олон байдаг юм билээ. UB palace, Монгол бөхийн өргөө, Соёлын төв өргөөгөө голоод “Тоглолт хийх газар алга. “Амьд”-аар дуулна гэвэл гонжийн жоо” гэж уйлагнасан дуучид одоо Тусгаар тогтнолын ордон, цаашлаад бүр Төрийн ордонд тоглолтоо хийдэг уламжлал тогтоох нь. Аягүйдвэл, тэд УИХ-ын дугуй танхимд тоглоно гэж айлгаж мэдэх л улс. Улстөржсөн урлагтай, урлагжсан улстөрчидтэй манай улс гоё оо, гоё.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top