Поп хатагтай Жульеттагийн өрлөг эх болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Дэлхийд алдартай эмгэнэлт драмын жүжгийг эх орондоо найруулан тавихыг хүсдэг уран бүтээлч олон бий. Театрын тайзнаа цөөхөн удаа тавигдаж байсан энэхүү жүжгийн гол дүрд тоглох нь жүжигчдийн хувьд ч томоохон мөрөөдөл гэлцдэг нь оргүй зүйл биш. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар тус жүжгийг тайзнаа амилуулах тухай яриа нэг хэсэг олны чихийг дэлдийлгэж байсан ч өдгөө бараг мартагдсан түүх болж. Тэгвэл эмгэнэлт драмын жүжиг ойрын хугацаанд мюзикл хэлбэрээр, тэр тусмаа бүр монгол хэлээр олонд хүрэх нь.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тавигдах “Ромео Жульетта” мюзикл жүжгийг н.Лхагвадорж найруулж буй бөгөөд гол дүрийн жүжигчдээ хэдийнэ сонгожээ. Дурлалт хосуудын үнэнч сэтгэлийн илэрхийлэл болсон тус жүжгийн Ромеогийн дүрд “Акапелла” хамтлагийн ахлагч Д.Мөнх-Од, Жульеттагийн дүрд ШШГЕГ-ын харьяа “Классик Жем” хамтлагийн гишүүн Х.Отгончимэг тоглохоор бэлтгэлээ базааж яваа гэнэ.

Хамгийн сонирхолтой нь, үзэсгэлэнт бүсгүй Жульеттагийн өрлөг эхийн дүрд гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа тоглох нь. Бусад дүрийн хувьд театрын чадварлаг жүжигчдийн баг ажиллаж байгаа юм байна. Мюзикл жүжгийн нээлт энэ сарын эхээр болох ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон тул үзэгч олонтойгоо уулзахаар тэсэн ядан хүлээж буй “дурлалт хос” хэрэндээ л яарч байгаа сурагтай.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top