ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс байгуулагдсаны 50 жилийн ойн баяр болж байгаатай холбогдуулан ЮНЕСКО-гийн ОХУ-д суугаа байнгын төлөөлөгч, Москва хот дахь ЮНЕСКО-гийн бүсийн товчооны дарга Д.Бадарч дараах мэндчилгээг дэвшүүлсэн байна.
“ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг тохиолдуулан Үндэсний комиссын нийт гишүүд эрдэмтэн мэргэд, урлаг соёлын алдарт зүтгэлтнүүд, Үндэсний комиссын ажилтнууд, ЮНЕСКО-гийн үзэл бодлыг дэмжигч боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамт олон та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Гишүүн орнууддаа Үндэсний комисс байгуулан, түүгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг нь манай байгууллагын бусад олон улсын байгууллагаас ялгах нэг онцлог бөгөөд давуу тал нь гэж үздэг юм. Монголын ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн бодлого, үйл ажиллагааг байнга дэмжиж, ЮНЕСКО-гоос дэвшүүлж ирсэн үзэл санаа, санал санаачлагыг төрийн бодлого чиглэлд тусган хэрэгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирснийг баярын энэ өдөр зориуд тэмдэглэж хэлэхэд таатай байна.
ЮНЕСКО-гийн удирдлага, мэргэжилтнүүд Монголын төр, Засгийн газар, ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, ЭСЯ, бусад хамтран ажилладаг байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн талаар ихээхэн өндөр сэтгэгдэлтэй байдаг нь энэ байгууллагад арван шахам жил ажиллаж байгаа хүний хувьд бахархал төрүүлж байдаг юм.
Шинэ зууны дуудлагын дагуу НҮБ-аас 2015 оноос хойш дэлхийн хэмжээнд тавигдах хөгжлийн зорилтуудыг тодорхойлох өргөн хэлэлцүүлгийг бүс нутаг, улс, үндэсний хэмжээнд болон төрөлжсөн байгууллагуудаараа дамжуулан зохион явуулж байгаа энэ үед манай орны боловсрол, соёл, шинжлэх ухааны өмнө тавигдаж байгаа зорилтыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах сайхан боломж гарч ирж байна. Юуны өмнө, мэдлэгийн зуунд хичээл заахаас, сурах үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, улмаар насан туршдаа сурч боловсрох чадвартай иргэд бэлтгэхэд голлон анхаарах болж байгаа нөхцөлд багшийн үйл ажиллагааг эрс өөрчлөн шинэчилж, тэдний чадамжийг дээшлүүлэх, сургалтын нээлттэй нөөц материалыг үр өгөөжтэй боловсруулж, олны хүртээл болгох асуудал хурцаар тавигдаж байна.
Нөгөө талаас, соёл бол хөгжлийн тулгуур, уламжлалт мэдлэг бол тогтвортой хөгжлийн үндэс гэж дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч эхэлж байгааг анхаарч монголын нүүдэлчдийн соёл, уламжлалт мэдлэгийг дэлхийн нийтийн хүртээл болгох талаар санал санаачлага гаргавал зүйтэй болов уу. Эдгээр чиглэлээр ЮНЕСКО-той хамтран ажиллах өргөн боломж гарч ирж байгааг та бүхэн тунгаан соёрхоно уу” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )