Оюуны чилээгээ гаргахын тулд гүйгээрэй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 02

Магадгүй та үүнийг өөрийн биеэрээ туршиж болох юм. Харьцангуй олон цагаар оюуны ажил хийх, эсвэл хичээл удаан давтсаны дараа толгой дүйнгэтэж, анхаарал төвлөрөх чадвар муудан, нэгэнт сурсан, мэддэг юмаа мартах үзэгдэл олонтаа тохиолдох нь их тархи ядарч сульдсаны илрэл юм. Их тархи ядарсан мэдрэмж төрөх үед хүмүүс тамхи татах, амрах, унтах зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг. Энэ үед тамхи татвал тархи толгой, бие махбодод ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг бол харин биеийн тамир хийх, нэн ялангуяа гүйх нь их тархины ядаргааг хамгийн сайн арилгадаг, юугаар ч орлуулшгүй эм болдог ажээ.

Учир нь гүйх үед цусны эргэлт сайжирч, тархины цусан хангамж нэмэгдэж, тархины эд эс хүчил төрөгч болон материаллаг шим тэжээлээр хангагдах төдийгүй бодисын солилцоо явагдаж хүний биед буй илүүдэл, хортой бодис хөлсөөр дамжин ялгарна. Түүнчлэн их тархины дотоод орчин сайжирч, тархины эд эс идэвхжин, сэтгэн бодох чадвар нэмэгддэг байна. Гүйх нь амьсгалын системээр дамжин бие махбодыг хүчил төрөгчөөр хангаж, бие махбодыг амар тайван, баяр жаргалтай болгох нэг төрлийн арга, тэвдэж сандарсан сэтгэлийг амар тайван төлөв байдалд оруулах чухал хүчин зүйл юм.

Их тархи ядарсан үед гүйх нь оюуны хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Хэрэв та гадагш гарах боломжгүй бол өрөөн дотор дороо гүйж, боломжтой бол цэвэр тунгалаг агаарт нэгэн хэвийн хурдаар ердөө л 15 минут орчим гүйхэд хангалттай. 

ӨГЛӨӨ СЭРМЭГЦЭЭ АЯГА УС УУГААРАЙ

Зарим хүний ажил гэр хоёр нь хоорондоо харьцангуй хол зайтай болохоор, зарим хүн өглөө эрт цэвэр агаарт гүйж, дасгал хөдөлгөөн хийхийн тулд үргэлж хар үүрээр босож яагаа ч үгүй байхад юм иддэг. Уг нь өглөө сэрмэгцээ юуны өмнө аяга бүлээн ус ууж, хагас цагийн дараа өглөөний цайгаа уух нь эрүүл мэндэд ашигтай. Яагаад гэвэл шөнө унтаж байхад хэдийгээр хүний биеийн олон эрхтэн амардаг боловч хоол боловсруулах системийн эрхтнүүд, ходоод гэдэс ажилласаар л байдаг. Тэд таны үдэш идсэн хоол хүнсний зүйлийг сорж шингээн, задалж шимэгдүүлэхийн тулд шөнөжин зогсолтгүй ажиллаж, үүрээр арайхийн дуусгаад амарч эхэлдэг.

Хэрэв өглөө хар үүрээр юм идвэл ходоод гэдэс амарч чадахгүй нь мэдээж хэрэг юм. Иймээс өглөө сэрмэгцээ аяга буцалсан бүлээн ус (зөгийн балтай бол бүр сайн) ууж, хагас цаг өнгөрсний дараа сая юм идэх нь хамгийн зөв зүйтэй арга билээ. Түүнээс гадна хүмүүс бүтэн шөнөжин унтаж амрахдаа амьсгалын замаар ус чийгээ алдаж, өглөө шээсний дараа хүний эрхтэн, арьсны ус чийг ууршин гадагшилж шингэний дутагдалд ордог. Тийм учраас өглөө сэрмэгцээ юм идэлгүй аяга буцалсан бүлээн ус уувал биеийн чийг, шингэний дутагдлыг нөхөхөөс гадна хортой бодисыг гадагшлуулж, бие махбодыг цэвэршүүлдэг ажээ.

Хятад хэлнээс орчуулсан До.Болдхуяг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top