Залууст зориулсан ажил хийхийг дүүргийн удирдлагаас хүслээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Монголын Залуучуудын Холбооны төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Бид өнгөрсөн оны 2 дугаар сараас эхлэн бүх түвшний төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим гишүүдтэй хамтран лобби бүлэг байгуулан ажиллах, салбар зөвлөлүүдийг цэгцлэх, залуучуудыг хамруулсан “Спирт үү спорт уу”, “Паркаа аваръя” зэрэг томоохон арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж ирлээ.

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг нь оюутан залуучуудын сурч амьдрах, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол төв нь болж байгаа тул дүүргээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, татан оролцуулах, төлөвшүүлэхэд орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна” гэж хэлсэн байна.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд залуучуудал зориулсан соёл, спортын цогцолборуудыг нээлттэй болгож, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дүүргийн удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд залуучуудын байгууллагатай хамтран олон ажлыг хийх бүрэн бололцоо бидэнд бий. Бид бусад улс орноос дутахааргүй сайхан амьдрах нөхцөлийг өөрсдөө бүрдүүлэх ёстой. Бид дүүрэгтээ залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээр спорт цогцолборыг барих ажлыг энэ онд эхлүүлж байна.

Мөн ахмад үе, эмэгтэйчүүдээс харилцан туршлага судлах, байгаль орчныг сэргээх, соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх, нийтийг хамарсан томоохон арга хэмжээнд залуусыг татан оролцуулах, спортын шинэ төрлийг хөгжүүлэх, зохион байгуулж буй үйл ажиллагаагаа сурталчлан таниулахад та бүхний оролцоо маш их юм. Тиймээс цаашид бид бололцоотой бүх талаар хамтран ажиллаж, аливаа асуудлыг улс төржүүлэхгүй, зохион байгуулж буй арга хэмжээ маань олонд хүрсэн, үр дүнтэй байх нь чухал хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top