Хөх хотын иргэд

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Нийтлэлийг До.Болдхуяг

БНХАУ-д зорчиж байгаагүй, Өвөр Монголыг үзээгүй Монгол улсын иргэн, тэр тусмаа залуу, дунд насны хүн тун ховор биз. Үгүй ядахдаа л Эрээнээр ирж очсон л байдаг. Гэхдээ аль нэг улс орон, хот суурин, үндэстэн угсаатны нутгаар дайраад гарсан, эсвэл хэд гурав хонохдоо дэлгүүр захаар нь хэсэж зочид буудлын үйлчлэгч, гуанз рестораны зөөгч, таксины жолооч, наймаачин гэх мэтийн цөөн хүнтэй харилцчихаад “Би тэр газрыг мэднэ” гэж ярих учир дутагдалтай мэт санагддаг. Тухайн улс оронд наад зах нь нэг жил ажиллаж, эсвэл суралцсаны дараа сая очсон газар нутаг, ард түмнийхээ тухай бага зэрэг төсөөлөлтэй болно. Түүнчлэн очсон улс орон, үндэстэн угсаатны түүхийг, болж өгвөл тухайн улсын тухай гадаадын хүний бичсэн тэмдэглэлийг уншсан, нутгийн хэлээр бага ч болтугай ярьж тэдэнтэй харилцаж сэтгэлгээнийх нь онцлогийг мэдэрвэл овоо ойлголт төрнө. Өвөр Монголын Өөртөө Засах Орныг, нэн ялангуяа дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт орж байгаа БНХАУ-ыг Эрээн хотоор төсөөлбөл ёстой “том эндүүрэл” гээч болно.

            Уулын мод урттай богинотой, хорвоогийн хүн сайнтай муутай л байдаг. Муу хүн гэж байхаас муу ард түмэн гэж байдаггүй юм гэнэ лээ. Гэхдээ би энэ өчүүхэн тэмдэглэлдээ хэн нэгнийг муулж эсвэл худлаа магтахыг хүссэнгүй. Бодит байдал ямар байгаа тухай, өөрт төрсөн сэтгэгдлийнхээ талаар уншигчидтайгаа хуваалцахыг зорьсон юм. ӨМӨЗО-ы төв Хөх хотыг Түмэдийн Алтан хан 1580-аад оноос эхэлж монгол, хятад, төвд гар урчуудын хүчээр байгуулсан ажээ. Хотын нэр бол Хархорум, Хар балгас, Гэгээ цагаан орд, Цагаан байшин, Улаан-Үүд, Улаанбаатар, Эрээн хот, Шар орд гэдэг шиг нөгөө л нүүдэлчдийн өнгөөр бэлгэдэх сэтгэлгээ. Одоо Хөх хот 36 үндэстнээс бүрдсэн 2,6 сая гаруй хүн амтай гэдэг юм билээ. Үүнээс 200 гаруй мянга нь монгол үндэстэн, 100 хүрэхгүй мянга нь бусад цөөн тоот үндэстэн, үлдсэн 2,3 сая орчим нь хятад үндэстэн бололтой юм.

            Хөх хотыг хөгжсөн улс орны хотуудтай харьцуулах аргагүй ч ямар ч байсан түргэн хөгжиж байгаа газар. Хүмүүсийн ярьж байгаагаар бол сүүлийн тав зургаан жилд бүр ч хурдан хөгжиж байгаа ажээ. Даланхар хэмээх олон даваа нугачаа бүхий сүрлэг уулын өвөрт Түмэдийн хэмээх уужим талд байгуулсан учир хотыг өмнө, баруун, зүүн тийш өргөжүүлэн тэлэх хангалттай талбай бий. Амралтын өдрүүдэд дугуй унаад тойрч явахад зүг бүр хаяагаа тэлж барилга байгууламжийн бүтээн байгуулалт өдөр шөнөгүй өрнөж байх юм. Заримдаа энэ их хөрөнгийг яаж бий болгодог байна аа гэж гайхмаар бас атаархмаар байдаг. Энэ хотод хямд бараатай томоохон зах гурав, дөрөв, дэлхийн алдартай бүхий л брэндийг худалддаг үнэтэй дэлгүүр бас нэлээд хэд, гайхамшигтай уран барилга бүхий хэн бүхэнд үнэ төлбөргүй төв музей, хаана ч байхгүй хямд үнэтэйгээс эхлээд хаан хүн ч гар татмаар өндөр зэрэглэлийн ресторан цөм бий.   

Хот төлөвлөлт, зам харилцаа, цэцэрлэгжүүлэлт, нэн ялангуяа хүүхдийн цэцэрлэг, дунд сургууль, их дээд сургуулийн хүрээ хотхон бол дажгүй зохион байгуулалттай. Сургуулийн хүрээн дотор нийтийн хоолны газар, биеийн тамирын иж бүрэн талбай, усан оргилуур, хиймэл нуур, цэцэрлэгжүүлсэн талбай, эмнэлэг, номын сан, дэлгүүр, банкны салбар гээд хүний ойр зуурын хэрэгцээтэй бүх зүйл бий. Хүсвэл хэдэн сар жилээр сургуулийнхаа хүрээнээс гаралгүй амьдарч болно. Номын сан үнэхээр баялаг, ашиглаж чадвал материал их, ховор номнуудыг олшруулаад ч атугай сан хөмрөгөө баяжуулсан байна. Нэг олзуурхууштай зүйл гэвэл манайд гарсан чухал ном зохиолыг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хөрвүүлж гаргасан нь олонтаа таарна. Гэтэл манайхан тэдний зохиол бүтээлтэй хэр зэрэг танилцсан билээ. Ялангуяа монголын түүхэнд холбогдолтой ховор сонин мэдээ бүхий сурвалж бичиг, ном зохиолыг кирилл бичигт хөрвүүлдэг бол тун зүгээрсэн.   

Хөх хотын тухай тэмдэглэл хөтлөхөд эмнэлгийн тухай цухас дурдах хэрэгтэй. Учир нь Монгол улсаас энд түр хугацаагаар ирэгсдийн ихэнх нь эмчлүүлэх, оношлуулах зорилготой байдаг. Тэдний зарим нь өөрийн туршлага, найз нөхөд, танил талаа түшиглэж ирдэг бол нэг хэсэг нь ямар ч мэдээлэлгүй шахам хүрч ирээд хоног хугацаа, мөнгө төгрөгөө дэмий үрсэн тухай бишгүй л дуулддаг. Миний ойлгосноор энд хятад, монгол, төвд, европын эмнэлгүүд байдаг боловч Анагаах Ухааны Их Сургуулийн харъяат нэгдүгээр эмнэлгийг тоног төхөөрөмж, оношлогоо эмчилгээ сайтай хэмээн зорьж ирэгсэд олон юм билээ. Нэг давуу тал нь тэр эмнэлэгийн оношлох байрны нэг давхарт “Монгол улсын иргэдэд үйлчлэх хэсэг” байдаг. Тэндхийн ажилтнууд зорьж очсон хүмүүсийг дагуулан явж эмнэлгийн бүхий л үйлчилгээнд хамруулах бөгөөд түүнийхээ хөлсийг эмнэлгээсээ цалингийн хэлбэрээр авдаг юм байна. Манайхан үүнийг мэдэлгүй орчуулагч хөлсөлж мөнгөө үрсэн, залилуулсан тохиолдол бас цөөнгүй байдаг бололтой. 

Бид Өвөр Монголчуудтай үүх түүх, угсаа гарваль, удам судар, хэл яриа, мах цусаараа холбоотой гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэхдээ тэдний ааш авир, хэл яриа, юманд хандах хандлага, өмссөн зүүсэн, будсан шунхадсанаараа манайхнаас арай л ондоо. Хүнтэй мэндлэхээс эхлээд, хүндэтгэх хүндлүүлэх, хооллож ундлах, найрлаж шоудах, ууж согтох, уурлаж хараах, тоглож наадах, аргадах уучлах, алиалж марзаганах, хамтарч ажиллах зэрэг хүмүүсийн хоорондын харилцааны ямар ч үед энэ нь анзаарагдана. Товчхон хэлбэл манайхнаас арай ёсорхуу бас нэрэлхүү ч юм шиг. Би үүнийг соёлын ялгаатай холбож ойлгодог. Бид европын соёлоос нэлээд суралцсан, харин тэд дорнын соёлоо илүү хадгалсан гэлтэй.        

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхсүрэн(202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

Энэ эмнэлэгтэй яаж холбогдох уу яаралтай хариу

1  |  0
Top