Онцгой Байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, залуу өсвөр үеийнхэнд эх орноо хайрлан хамгаалах, гамшиг, осолгүй, амар тайван Монголын төлөө өөрийн хувь нэмрээ оруулах чиглэлээр бодитоор юу хийж чадах вэ гэдэг талаар бодож эргэцүүлэх боломжийг олгох олон ангит уран сайхны кино хийгдэх гэж байна. Тодруулбал эх орноороо бахархан дээдлэх үзэл, ухамсарыг төлөвшүүлэх, онцгой байдлын албаны албан хаагчдын мэргэжлийн онцлог, ажил амьдралыг олон нийтэд таниулах, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизтэй хамтран олон ангит уран сайхны кино бүтээх төслийг эхлүүллээ. Олон ангит уран сайхны кино бүтээх “Санамж бичиг”-т ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, МҮОНРТелевизийн ерөнхий захирал М.Наранбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ой 2014 онд тохиох бөгөөд олон ангит уран сайхны кино ирэх жил үзэгчдийн хүртээл болох юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )