Албан хаагчид малчдад туслахаар шийдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Улсын хэмжээнд 18 аймгийн 91 суманд өвөлжит хүндэрч нутаг дэвсгэрийн 70-аас илүү хувьд нь цасан бүрхүүл тогтож, өвөлжит хүндэрсэн нөхцөл байдал үүсжээ. Ялангуяа Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор зэрэг аймагт байдал илүү хүндэрсэн байна. Өвөлжилт хүндэрсний улмаас өнгөрсөн жилийн эцсээр тоолуулсан 40,4 сая толгой малаас 32700 нь буюу нийт мал сүргийн 0,8 хувь нь хорогдоод байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард иргэд болон, аж ахуйн нэгж байгууллага бүр малчдадаа туслах аян өрнүүлэх уриалгыг гаргасан бөгөөд энэхүү уриалгыг Нийслэлийн Удирдалгын зөвлөлийн ээлжит хуралдаанаас дэмжиж оролцох шийдвэр гаргасныг нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан  малчин түмэндээ туслах уриалгыг дэмжиж,  байгалийн давагдашгүй хүнд нөхцөлийг хохирол багатай даван туулахад нь сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байгууллага,  нийт албан хаагч иргэдэд уриаллаа.

Энэхүү уриалгын дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа байгууллагын албан хаагч, ажилчид сайн дурын үндсэн дээр нэг өдрийн цалингаа малчин түмэндээ тусламж болгон хандивлахаар болж байгаа аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top