“Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал”

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, "Хүүхдийг Ивээх Сан" олон улсын байгууллага хамтран “Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал” зөвлөлдөх уулзалт боллоо.

Энэ уулзалтаар “Засаг захиргааны түвшин бүрийн шийдвэр гаргах үйл явцад хүүхдийн оролцоог хангах журам ”-ын төслийг хэлэлцлээ.

Хүүхдийн эрх ашигт нөлөөлөх хууль тогтоомж, шийдвэрүүд засаглалын бүх түвшинд гарч байдаг. Тэдгээргийг нь гүйцэтгэх засаглал авч хэрэгжүүлдэг. Харин хүүхдүүд эдгээрт нөлөөлөх, өөрт нь хамааралтай асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломж маш хомс.

Гэтэл хүүхэд байгалиас заяасан ухаанаараа аливаа асуудалд зөв хандах чадвартай байдаг. Тэднийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах боломжтой төдийгүй энэ нь нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлөх асуудлаар бүрэн дүүрэн мэдээлэл авч, үзэл бодлоо илэрхийлж, шийдвэр гаргах явцад оролцсоноор хувь хүний чадвар нь хөгждөг, хариуцлагатай иргэн, ардчиллын үнэт зүйлийг ойлгон хэрэгжүүлэгч болж төлөвшдөг.

Хүүхдийн оролцоо нь төрийн хариуцлагатай, ил тод, мэдрэмжтэй байдал, тэгш хамралт, зөвшилцөл, үр дүнд эерэгээр нөлөөлдөг. Хүүхдүүд бол оролцогч тал гэдгийг хүлээн зөвшөөрөх нь сайн засаглалынбас нэгэн тодорхойлолт болж өгөх ёстой.

“Орон нутгийн түвшинд шийдвэр гаргах явцад хүүхдийн оролцоог хангах арга хэлбэр, механизмыг бүрдүүлэхийн чухлыг ойлгож, энэ нь хүүхдүүдийн чадавхид ч, нийгмийн хөгжилд ч урт удаан хугацааны сайн нөлөөтэйг ухамсарласны үндсэн дээр энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна” хэмээн Ажлын хэсгийн гишүүд онцлов.

Хүүхдүүдэд засаглалд нөлөөлөх, дуу хоолойгоо хүргэх индэр бий болгох нь хүүхдийн эрхийг хангах чухал үзүүлэлт бөгөөд Монгол улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангаж буйн илрэл болно гэж Хүүхдийг Ивээх Сан үзэж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top