Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Түмэннасангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 2013 оны 01-р сарын 14-ний өдрөөс эхлэн аймгийн бүх сумдаар орж Цагдаагийн хэлтсийн 2012 онд хийсэн ажлын тайланг тавих, цагдаагийн байгууллагын шинэтгэлийн хөтөлбөрийг чиглэл, стратегийн зорилт бүрээр иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, "Иргэдээ сонсоё" аян, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг авах ажлыг эхлүүллээ.
---"Иргэдээ сонсоё" аян, нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэд Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, зорилтыг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үг хэлсэн хүн бүр хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарын ажиллах нөхцөл бололцоог анхаарахгүй бол хүнд байдаг, ялангуяа албаны автомашинаар хангахгүй бол нутаг дэвсгэр том, уул даваа ихтэй тул хүйтний улиралд мотоциклоор үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй байдаг тухай ярьж, хэсгийн төлөөлөгч нарыг автомашинаар хангах хүсэлтийг гаргаж байв.
---Цагдаагийн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ахуй амьдрал, ажилтай нь биечлэн танилцан зааварчилга өгч, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажиллаж амьдрах нөхцөл бололцоог дээшлүүлэх чиглэлээр сумдын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нартай санал солилцож, тодорхой ажлуудыг хийхээр тохиролцон, Цагдаагийн хэлтсийн дарга сумдын засаг дарга, хэсгийн төлөөлөгч нартай гуравласан гэрээ байгуулж ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )