Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн “Авлига би өгөхгүй, би авахгүй” аяныг өрнүүлж, “Залуучуудын үнэн” сониноор дамжуулан авлигын эсрэг тоолуурт 7000 гаруй залуучуудыг нэгдүүлсэн мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхнийг нэгтгэх зэрэг олон ажлуудыг хийж буй. Тэгвэл өнөөдөр “Транспэрэнси интернэшнл” (Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн) олон улсын байгууллагын Зүүн өмнөд Азийн төслийн ахлах зохицуулагч Ран Лиао Монголд айлчлахдаа авлигын эсрэг аяныг идэвхтэй өрнүүлж буй МЗХ-оор айлчилж, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбаттай уулзан, тэдний хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, цаашид хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.
“Транспэрэнси интернэшнл” авлигын эсрэг олон улсын байгууллага нь цаашид Зүүн Азийн улс орнуудыг авлигын эсрэг хамтран тэмцэж байх аяныг өрнүүлж байгаа бөгөөд энэ зун 8-р сард Хятад улсад Бүс нутгийн авлигын эсрэг зуны уулзалт цугларалтыг зохион байгуулах гэж байгаа аж. Энэхүү авлигын эсрэг форумд Монгол улсаас оролцуулах хүсэлтийг Ран Лиао МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатад тавьжээ. “Авлига би өгөхгүй, би авахгүй” аяны хүрээнд МЗХ нь “Транспэрэнси интернэшнл”-тэй хамтран “Сэрэх цаг боллоо” үйл ажиллагааг өрнүүлж, авлигын эсрэг залуусын дагаж мөрдөх 10 дүрмийг боловсруулан Монгол залуу хүн бүрт хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )