Онцгой байдлын албаны албан хаагчид 2013 оны 01 дүгээр сарын 30-31-ний өдрүүдэд орон нутгийн замд цасанд сууж, эвдэрсэн автомашинуудыг татан гаргаж нийт 23 иргэнийг осгож, хөлдөж аюулаас аварч аюулгүй байдлыг ханган ажиллав. Тодруулбал: Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу 01 дүгээр сарын 30-нд 09-40 ӨМӨ улсын дугаартай “Toyota ist” загварын суудлын автомашинтай явсан дөрвөн иргэн Дундговь аймгийн Хулд сумын нутаг, “75-ын худаг” гэдэг газар автомашин нь эвдэрч, цасанд суусан мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлэг гарч 01 дүгээр сарын 31-ний өдөр/11:50 цагт/цасанд суусан автомашиныг гарган иргэдийг аймгийн төвд авчирсан байна. Дундговь аймгийн Мандалговь сумаас Улаанбаатар хотруу 01 дүгээр сарын 30-нд 14-83 УБЛ улсын дугаартай “Verna accent”загварын автомашинтай явсан 2 иргэн Дэрэн сумын 1 дүгээр багийн нутаг, “Олон шанд” гэдэг газар автомашин нь эвдэрч, цасанд суусан мэдээллийн дагуу сумаас бүлэг гарч 01 дүгээр сарын 31-нд цасанд суусан автомашиныг гарган, иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас Баруун-Урт сум руу 50-46 УБК улсын дугаартай “Nissan Mistrаl” загварын суудлын автомашинтай явсан 4 иргэн /2 том хүн, бага насны 2 хүүхэд/ 01 дүгээр сарын 31-ний өдөр /13:00 цагийн орчим/ цасанд суусан мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх аврах бүлэг автомашиныг татаж гарган, иргэдийн аюулгүй байдлыг ханган аймгийн төвд авчирсан байна. Мөн аймгийн Дарьганга сумын нутаг,“Алтан овоо”, “Шилийн богд” хайрханаас буцаж явсан 99-22 УБИ улсын дугаартай “Land cruiser-105” загварын суудлын автомашинтай 5 иргэн 01 дүгээр сарын 31-нд цасанд суусан мэдээллийн дагуу сумаас бүлэг гарч автомашиныг цаснаас гарган, иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар нутаг, “Ар худаг” гэдэг газар Матад сумаас аймгийн төв рүү явсан 63-01 ДОР улсын дугаартай, “Huynda ielantra” загварын суудлын автомашинтай 4 иргэн 01 дүгээр сарын 31-нд цасанд суусан мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлэг автомашиныг цаснаас гарган, иргэдийг аймгийн төвд авчирсан байна.
Мөн аймгийн Гурванзагал сумаасаймгийн төв рүү зорчиж явсан 96-18 ДОА улсын дугаартай “Huyndai istana”, 16-15 ДОА улсын дугаартай “Huyndai Porter” загварын бага оврын ачааны автомашинтай 4 иргэн 01 дүгээр сарын 31-нд цасанд суусан мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлэг гарч, иргэдийг аймгийн төвд авчирсан байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )