Эхнэрээрээ наймаалцвал наймаалцая

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг нэгэн гаж тогтолцоо шийтгүүлэгчдийн дунд бий болох нь. Улсын хөрөнгө мөнгөнд гараа дүрж дураараа дургиж дургичихаад хариуцлага хүлээх болохоороо хууч өвчин нь хөдөлж эмнэлэгт л хэвтэхгүй бол болохоо байчихдаг гэмтэй нөхдүүд олширлоо.

Гэтэл МИАТ компанийн зорчигч тус бүрээс “Дайны эрсдлийн даатгал” нэрийдлээр таван ам.доллар суутган авсаар 700 сая ам.долларын ашиг болгон төвлөрүүлж түүнийгээ Тайванийн банк руу шилжүүлэн мөнгө угаасан гэх хэргээр баривчлагдаад байгаа нөхдүүдийн тоо нэмэгдсээр өдгөө 10 болоод байгаа. Бүгд л Төрийн өмчит МИАТ компанийн халаасыг тэмтэрч хэдэн сая ам.доллар угаасан хэрэгт холбогдож буй. Тэднээс хэлсэн үг хийсэн үйлдэл хоёроороо эрхгүй ялгарч байгаа нөхөр бол МИАТ ком­панийн гүйцэтгэх захирал Ц.Орхон.

Бөх зүрхтэй бүдүүн үгтэй тэрбээр өнгөрсөн жил Ерөнхий сайдын асуултад шулуухан “Чадахгүй” хэмээн адайрч суусансан. Тодруулбал, “Дотоодын нислэгийн тийзийн үнээ ялимгүй боловч буулгах боломж байна уу?” гэхэд “Чадахгүй” хэмээсэн тэрбээр өдгөө идсэн уусан хэргээр аавын хаалга татаж асуугдан байцаагдаж байгаа.

Гэсэн ч хүний өөдөөс гөжүүдэлдэг зангаа тавихгүйгээр барахгүй эхнэрээрээ дэнчин тавьж наймаалцах тухай асуудлыг  сөхөж “Эхнэрийг маань суллавал энэ хэрэгт холбоотой 20 улстөрчдийг нэрлэнэ” хэмээн цагдаагийнханаар даажигнаж суугаа гэх. Уг нь гэмт хүн гилбэлзэнэ, даарьт морь дайвалзана гэгчээр асуудлыг хуулийн дагуу ая дангий нь олоод шийдүүлчихэе гэсэн бодол өвөрлөн суумаар. Гэтэл хэзээ язааны наймаачин шиг үг, нэр хоёроор панз үсэргэж ял хожихоор төлөвлөн сууж байдаг түүнийг ёстой л “арилсан” дотортой гэмээр.

Ц.Орхоны олны танил болсон түүх

Ц.Орхон нь Хөвсгөл нутгийнх. МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар 2010-2012 онд ажиллаж байсан. Тэрбээр академи төгсч ирэнгүүтээ МИАТ-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн зэргээр ажлын гараагаа эхэлж байжээ. Энэ үед түүний нутгийн анх Р.Бат-Эрдэнэ нь тус газрын дэд захирал болж “Дүүгээ” өөд нь татан МИАТ-ийн маркетингийн газ­рын даргаар томилсон нь албан тушаал ахих шат болсон гэдэг. Үүний дараахан “Ах” Р.Бат-Эрдэнэ  нь халаагаа Ц.Орхонд шилжүүлснээр МИАТ-ийн “мэрэгч” захирал ноёрхолоо тогтоосон түүхтэй аж.

МИАТ гэх тусгаар тогтносон хөрөнгөлөг вант улсад хоёрхон жил эзэн суусан тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч түүний хүсэлтийг ТӨХ, дараа нь “МИАТ” хувьцаат ком­панийн ТУЗ хуралдан шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ц.Орхоныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь гавьяат нис­эгч Г.Жаргал­сай­ханыг томил­сон билээ.

Ж.Ананд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top