Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Удирдах ажилтны зөвлөгөөний зорилго нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, удирдах ажилтны манлайлал, удирдах арга барил, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх талаар мэдээлэл олгох, үйл ажиллагааны үр дүнг дүгнэх, 2013 онд тус байгууллагаас баримтлан ажиллах зорилтыг хүргэн үр дүнгийн гэрээ байгуулах гэнэ.
Зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцсон бөгөөд “Онцгой байдлын алба байгуулагдаад удаагүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, одоогоор ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийн хангалтгүй байгаа хэдий ч иргэдийг болзошгүй эрсдлээс хамгаалах үүргээ умартан суух эрх байхгүй. Та нөхөд тангараг өргөсөн албан хаагчид. Иймээс эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Тохиолдсон нөхцөл байдалд тохирсон зөв, оновчтой шийдвэрийг гарган, шуурхай хэрэгжүүлж, гамшгаас хамгаалах чиглэлээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хурдыг нэмэгдүүлэх нь та бүгдийн ажлын гол үзүүлэлт байх учиртай”-г онцоллоо.
Мөн “Гамшиг гэж юуг хэлэх вэ?” гэдгийг олон улсын жишигт нийцүүлэн оновчтой, зөв тодорхойлох хэрэгтэй байна гэдгийг ч цохон тэмдэглэлээ. Жилд тохиолдсон гамшгийн тоо буурч байвал манай алба ажлаа сайн хийж байна гэж ойлгож байх хэрэгтэй. Онцгой байдлын албаны албан хаагч бүр гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж байх үүрэгтэй. Энэ үйл ажиллагаа зөвхөн Онцгой байдлын албаны албан хаагчид хамааралтай гэлгүйгээр орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангуулан дадлага, сургуулийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, үйл ажиллагааг удирдан зохион байгуулж харъяалах нутаг дэвсгэртээ гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангуулан, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулж ажиллаарай гэдгийг сануулж байлаа.
Гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлж буй үйлчилгээг чанартай, хурдан шуурхай болгохын тулд энэ салбарт эрхзүйн шинэчлэлүүдийг хийх, аймаг, орон нутгийн Онцгой байдлын хэлтсүүдийг газар болгон өөрчлөх, Аврах, гал унтраах ангиудын зэрэглэлийг нэмэгдүүлэх, Эрэн хайх, аврах бүлгүүдийг өргөтгөж гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулах зорилгоор газар, хэлтсийн бүтцэд урьдчилан сэргийлэх, хяналтын нэгжийг шинээр байгуулах ажлыг эхлүүлээд байгаа юм.
“Шуурхай бүлэг”-105 бүлгийн нэмж 2013-2014 онд дахин 4 бүлэг байгуулах, дүүргийн хэлтсүүдэд урьдчилан сэргийлэх, хяналтын тасаг байгуулах, гамшгаас сэргийлэх, хяналтын тасаг байгуулах, байцаагч нарын тоог нэмэгдүүлж байна.
Мөн 2013 оноос эхлэн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Хууль сахиулах их сургуулийг түшиглэн Онцгой байдлын салбарын чиглэлийн 8 мэргэжлээр албан хаагч бэлтгэх, мэргэжил давтан мэргэшүүлэх, гадаадад сургах албан хаагчийн тоог нэмэгдүүлэх, албан хаагчдын боловсролын болон ёс зүйн шалгуур үзүүлэлтийг нэмэгдүүлэх, албан хаагчийн орон сууцны тоог нэмэгдүүлэх,хувийн орон сууц, байшинтай болох санаачлагыг нь дэмжих,албан хаагчдын эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэх, сэтгэл зүйчийн орон тоог нэмэгдүүлэн ажиллахаар зорьж байна.
Мөн зөвлөгөөний үеэр Төв, орон нутгийн анги байгууллагуудын бэлтгэл бэлэн байдал, гал түймэртэй тэмцэх нөхцлийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд худалдан авсан нийт 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий галын болон аврах ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, фургон автомашин болон холбоо, мэдээллийн хэрэгслийн тоног төхөөрөмж, гал сөнөөгчийн болон аврагчийн хувцас хэрэгслийг хүлээлгэн өгөх ажиллагаа болж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )