Ц.Нямдорж ялтныг клиникийн эмнэлэгт эмчлэхийг хориглосон ч Н.Удвал ”засчээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Н.Энхбаярын биеийн байдал байсхийгээд л муудаж эмчилгээ домчилгоо хийхгүй бол болохоо байлаа хэмээн харанга дэлддэг асуудалд нийгэм бүр дөжирчихөж. Үүнээс гадна  мутацийн өөрчлөлтөд орж байгаа гэх сүрхий мэдээллийг намынх нь нөхдүүд байн байн сануулж байгаагаас харахад Н.Энхбаяр гэгч хоригдол шоронгийн өрөөнд мутацилагдаж хүн ч биш, амьтан ч биш гайхалтай ховор үзмэр болон хувирч байгаа бололтой. Тиймээс мутацид орон өөрчлөгдөж байгаа энэ эрхмийг Сайд нарын гэх тодотголтой клиникийн нэгдсэн II эмнэлэгт л эмчлэхгүй бол болохогүй юм байх. Тиймдээ ч дээгүүр дэвж шавж явдаг нөхдүүдийн нэр дээр данслагдсан эл эмнэлгийн хоёр өрөөг шоронжуулан тохижуулсан билээ.

Уг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  Хууль зүйн сайд байхдаа Эрүүл мэндийн сайд П.Нямдаваатай хамтран нэгэн тушаал гаргаж байжээ. Тодруулбал, 2002 оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан 313/316 дугаар тушаалын “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын 6.1 дэхь хэсэгт “Хүнд, онц гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно” гэсэн заалтыг “төрүүлж” байж.

Энэ заалт нь 2013 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч намынхаа даргын төлөө амиа өгөхөөс ч буцахаа байсан МАХН-ын нөхдүүд Н.Удвал сайдаараа дамжуулан мөнөөхөн заалтыг “баллуурдуулжээ”. Гэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний оролцоотойгоор.

Өөрөөр хэлбэл энэ сарын 15-нд А/05.10 дугаар бүхий Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЭМ-ийн сайд Н.Удвал нарын хамтарсан тушаалаар хүчингүй болгосон байна.

Ингэснээр мөнөөхөн муу нэртэй, луу данстай МАХН-ын дарга Н.Энхбаяр Сайд нарын гэгдэх II эмнэлэгт дураараа тарвалзаж, “Шорон эмнэлэгт” эмчлүүлэн ялынхаа хугацааг хороох нь.

Дээрх заалтыг өөрчилснөөр ялтнуудын эрүүл байх эрхийг хүндэтгэсэн зөв шийдвэр болсон гэж ЭМЯ үзэж байгаа юм. Мөн бүх клиникийн эмнэлгүүдийг хорих ангийн хэлбэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, ялтнаар дүүргэнэ гэсэн үг биш гэдгийг тодотгож байгаагаас үзвэл зөвхөн Н.Энхбаярт зориулсан шоронжуулсан эмнэлгээр II эмнэлгийг сонгож буй нь харагдана.

Гэхдээ эхийг нь эцээж тугалыг нь тураалгүйгээр асуудлыг шийдэхийн тулд хүнд, онц хүнд гэмт хэрэгтэй ялтнуудыг хаана, хэрхэн эмчлэхээ судлах хүртэл ЭМЯ-ны зүгээс нарийн мэргэжлийн эмч нарын багийг маргааш томилохоор болжээ. Эдгээр эмч нар хорих ангиудад ял эдэлж байгаа 260 гаруй хүнд өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон байна.

Уг нь клиникийн нэгдсэн II эмнэлэгт Н.Энхбаяраас гадна нэлээд хэдэн хүнд өвчтэй хоригдлыг авчирч эмчилнэ гэж байсан боловч “Эмнэлэг дээр авчрах гэхээр улстөржүүлээд байна” гэсэн шалтгаанаар delete хийж орхиж. Үүнийгээ цайруулахын тулд эмч нарын багийг томилж ажиллуулахаар шийдсэн хэмээн яамны зүгээс мэдэгдэж байх юм. Энэ мэтээр эрхэмсэг дарга Н.Энхбаяр эмчлүүлэн "эрхэлж" байгаад нэг л өдөр цэцэг тэвэрч гараа далласаар наранд гараад ирвэл гайхаад байх зүйл үгүй бололтой.

Ж.Ананд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top