2013 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 47 Аврах, гал унтраах анги 161 удаагийн гал түймрийн голомт дээр ажиллаж 109 эрдэнэт хүний амь, төр, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 3,3 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгө, 132 барилга, байшинг авран хамгаалах үйл ажиллагаа явуулсан байна.
Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал, Зүүнбүрэн сумд, Төв аймгийн Баян, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум болон Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт бага насны 3 хүүхэд, 3 иргэн гал түймэрт өртөн амь насаа алдаж 4 иргэн түлэгдэж гэмтсэн байна.
Гарсан гал түймэр нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, хэлхээнд хэт ачаалал зэргээс үүдэн гарсан байна.
Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай, өвчтэй, өөрийгөө авран хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд амь насаа алдах тохиолдол эрс ихсэх хандлагатай байна.
Иймд иргэд та бүхнийг гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй амьдрахыг хүсч дараах зөвлөмжийг ОБЕГ-аас өгч байна.
1. Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
2. Цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх
3. Шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байх
4. Асрамжид байдаг өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
5. Төслөөр хэрэгжиж байгаа пийшин зуухны галлаагааны зарчмыг мөрдөх
6. Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах
7. Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох
8. Эзэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )