Дахин төлөвлөлтөнд 40 тэрбумыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

НИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдааныг 1 дүгээр сарын 31-ний 09:00 цагаас хуралдуулахаар болжээ. Хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэх аж.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өчигдрийн хуралдаанаараа  гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай асуудлыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын захирамжаар гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтөд эхний ээлжинд орохоор төлөвлөгдсөн газрын иргэдтэй уулзан, санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдсэнээр эхний ээлжинд 42 мянган айл өрх инженерийн байгууламжид холбогдож, хотын агаарын бохирдол 30 хувиар буурах юм.  Гэр хорооллын  газрыг  3 хэсэгт бүсчилэн төлөвлөхөөр зураг төслийг боловсруулжээ.  

Энэ онд НИТХ гэр хорооллын дахин төлөвлөлтөнд зориулж 40 тэрбум төгрөг батласан бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдад санал тавьж хамтарч ажиллах гэнэ. Гэр хорооллын төлөвлөлтийн ажлыг шинээр байгуулагдаж буй “Гэр хорооллын хөгжлийн газар”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” Улсын үйлдвэрийн газар гэсэн 2 газар гардан зохион байгуулах аж.

НИТХ-ын Тэргүүлэгчид гэр хорооллыг дахин төлөвлөхдөө ирээдүйд хийгдэх дэд бүтцийн ажлыг бодолцож төлөвлөлтөө хийхийг ярьж байгаа. Тэгэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал 31-ний өдөр болох хуралдаанаар дэлгэрэнгүй хэлэлцэгдэх нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top