Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хан–Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1 дүгээр сарын 12-ны бямба гаригт “Норд бенз” маркийн 99-27 ӨМА дугаартай хүнд даацын автомашин өгсүүр газар өгсөхдөө халтиран дулааны 13 магистралийн 2ф700мм голчтой шугам мөргөжээ. Үүний улмаас Нисэхийн чиглэлийн орон сууцны хороолол, албан газрыг дулаанаар хангадаг 3 цэгт рольк /өнхрөх тулгуур/ шугамын ивээс тулгуураасаа мултарчээ. Тиймээс Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, УБДС ТӨХК, Хан-Уул дүүргийн мэргэжлийн ажилтнууд газар дээр нь ажиллаж 1 дүгээр сарын 16-ны өдөр машиныг дулааны шугаманд гэмтэл учруулахгүйгээр тулгуур дээр нь байрлуулжээ.
Мөн Дондогдуламын рашааны хөлд буусан, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Сэлбийн 30-35 гудамжны айлууд усанд автсан байна. УСУГ, тус дүүргийн онцгой байдлын газар, дүүргийн тохижилтын компани, Усны барилга НӨҮГ-тай хамтран усыг зайлуулах арга хэмжээг цаг алдалгүй авчээ. Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж буйгаар тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд айл, өрхийн амьдрах боломжийг хэвийн нөхцөлд оруулсан аж.

Сэтгэгдэл ( 0 )