Цацрагтай ажиллагсдын тоо 3 дахин нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

Үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбаруудад цөмийн технологийн хэрэглээ, мөн цацраг идэвхт ашигт малтмал болон газрын ховор элементүүдийн эрэл хайгуул өссөнтэй холбоотойгоор цацрагтай ажиллагсдын тоо ч өсөн нэмэгдэж байгаа аж. ЦЭГ-аас мэдээлж буйгаар сүүлийн дөрвөн жилийн байдлаар хяналтад хамрагдсан байгуулагын тоо 1,8 дахин, цацрагтай ажиллагсдын тоо 3 дахин нэмэгдсэн бөгөөд тус газраас хяналт тавин ажиллаж иржээ.

 ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газраас улсын хэмжээнд ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажиллагсдын цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, тэдний мэргэжлээсээ шалтгаалан авч байгаа тунгийн хэмжээг хэмжиж, бүртгэж, хянаж байх зорилгоор мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт тавин ажиллаж байгаа аж.

Энэ үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд үндэсний стандартыг үндэслэн, цацрагтай ажиллагсдын ажил мэргэжлийн онцлог, хяналтын зорилгоос хамааран долоо хоногоос 1 сар хүртэлх хугацааны давтамжтайгаар явуулдаг юм байна.

Түүнчлэн хяналтанд хамрагдсан цацрагтай ажиллагсдын хэмжилтийн дүнг улсын бүртгэлд бүртгэж, мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байгаа гэнэ Цацрагтай ажиллагсад нь мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг тасалдуулахгүйгээр сар бүр тогтмол хамрагдах шаардлагатай бөгөөд хяналтыг тасалдуулсан тохиолдолд эрх бүхий улсын байцаагч хууль тогтоомжид заасны дагуу торгууль, шийтгэл хүлээлгэдэг байна.

 Дашрамд дуулгахад гэрээт байгууллагын цацрагийн хяналтын ажилтан нь цацрагтай ажиллагсдын дозиметрийг сар бүрийн сүүлийн 7 хоногт ЦЭГ-т хэмжүүлдэг ба хэмжилтийн дүн, мэдээллийг 72 цагийн дотор гаргаж өгдөг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top