12 тугал цацрагийн бохирдолоос болж үхээгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 27

Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал тодорхой шалтгаангүйгээр хорогдсон талаарх мэдээлллийн мөрөөр Цөмийн энергийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-29-ний өдрүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар цацрагийн тунгийн чадлын хэмжилт, усанд радоны хуримтлалын хэмжилтийг хийж тухайн орчмын хөрс, уснаас дээж авч Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори, Геологийн төв лаборатори болон Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторид шинжилгээнд хамруулжээ. Цацрагийн хэмжилт, Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн энэ сарын 14-ний өдрийн 03/14/03 тоот дүгнэлт гаргаж Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны иргэний зөвлөлд тус тус хүргүүлсэн гэнэ. 
Цөмийн энергийн газрын улсын байцаагч цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүн 0.06-0.09 мкЗв/цаг хэмжээтэй байгаа нь байгалийн цацрагийн фон түвшний зөвшөөрөгдөх хэмжээ /0.2 мкЗв/цаг/-нээс бага байна. Усан дахь радоны хуримтлалын хэмжээ нь 1.11 Бк/л хэмжээтэй байгаа нь “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS:900:2005 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (100 Бк/л)-нээс бага байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Өөрөөр хэлбэл 12 тугал цацрагийн бохирдолоос болж үхээгүй болохыг шинжилгээний хариу нотолж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top