Төрийн эрхийг баригчид маань нууж хаах зүйлгүй, 100 хувь нээлттэй гэж ярьдаг. Тэгтэл зарим зүйл дээр сэтгүүлчдээ боож, хааж, шог загнадаг. Үүнийг парламентын гэж нэрлэгддэг улс төрийн сэтгүүлчдээрээ жишээ аван бичье.
Парламентын сэтгүүлчид төрийн эрх баригчдын гаргаж байгаа шийдвэрийг цаг алдалгүй шуурхай, үнэн зөв хүргэх зорилго, үүрэгтэй. Тэр ч утгаараа өнөөдөр ажиллаж байгаа. Сэтгүүлчдийг дэмжинэ гэж УИХ, ЗГ, ЕТГ-аас ярьдаг хэлдэг. Гэвч өнөөдөр ажил хэрэг болж байгаа нь цөөн. Тухайлбал, сэтгүүлчдээ дэмжиж байгаа нэрээр УИХ-ын Тамгын газраас 10 суурин компьютер бүхий өрөөг Төрийн ордны хоёр дугаар давхарт гаргаж өгсөн юм. Гэвч зургаа дахь парламент маань Өргөдөл, гомдлын байнгын хороотой болсон тул сэтгүүлчдийн өрөөг Төрийн ордны зүүн хаалга руу нүүлгэв. Гэвч нүүлгэсэн өрөө нь Төрийн ордны ажилчдыг айлгасан цэвдэг шиг хүйтэн өрөө. 30 минут суугаад л хуруу даараад хөдлөхөө байна. Харин сэтгүүлчдийн хуучин өрөөнд өнөөх Өргөдөл гомдлын байнгын хороо нь хуралдаж байсан удаа ганц ч үгүй байгаа юм. Өвлийн хүйтэнтэй зэрэгцүүлэн хашраах зорилгоор үүд рүү цөлж байна гэсэн хардлага төрж байгааг сэтгүүлчид одоо ч ярьсаар байгаа. Гэвч сэтгүүлчид зорилгоо үл умартан хүйтэн өрөөндөө өнөөх 10 компьютерийн ард үглэн байж ажлаа хийнэ. Үглэж байгаагийн учир нь гарын хурд гүйцэхээргүй удаа компьютерууд тэвчээр ихээхэн шаардана. Тодруулбал, 10 үг бичээд 5-10 секунд хүлээвэл өнөөх үгнүүд маань эхнээсээ бичигдэж эхэлж байгаа юм. Дээрээс нь бүх компьютерийнх нь мессенжер алдаа заадаг. Интернетийн хурдыг яст мэлхийтэй зүйрлэж болно.
Төрийн ордны зүүн хатавчин дахь энэ өрөөг олны хөлийн газар гэж хэлж болно. Тэр ч утгаараа хулгай гарах нь элбэг. Хулгайн хэрэг илрэх найдлага байхгүй. Зүүн хаалгаар олон хүн орж гарахдаа хэний ч юуг ч аваад гарах магадлалтай болохоор тэр. Өмнө нь хоёр дугаар давхарт сэтгүүлчдийг суудаг байхад хэний ч юу ч алга болдоггүй байлаа. Долоо хонгийн өмнө ширээн дээр тавьсан нэг микрофон яг тэр байрандаа байж л байдаг сайхан түүх бий.
Энэ мэтээр сэтгүүлчдийн өрөөг нүүлгэснээр маш олон асуудал байгаа. Энэ бүхнийг тоочоод байвал зарим нэгэн нь өөрсдийнхөө хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ ичих байх. Энэхүү ичгэвтэр байдлаа засаж, залруулаачээ гэсэн шаардлагыг сэтгүүлчид тавихад УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Болдбаатар “Би энэ албан тушаалд ирээд удаагүй байна. Ер нь судалж байгаа. Удахгүй сайжруулна ” гэж тайлбарласаар, судалгааг хоёр сар хийлээ. Таг чиг. Сайжруулах сураг тасарлаа.
Хэрвээ сэтгэл байвал ЕТГ-ынх шиг дор бүр нь сайжруулаад болох л байх. Тухайлбал, ЕТГ-аас акталсан компьютеруудаа үзэж байгаад зургааг нь сайжруулж, сэтгүүлчдэд зориулан дулаан өрөө гаргаж өгсөн. Хуучин компьютерууд л болсон хойно эвдрэх, гацах бүрт нь засаад сэлбээд асуудалгүй болгочихож байгаа юм. Үүнээс УИХ-ын Тамгын газрынхан жишээ авч уг нь болмоор.
Зарчмын хувьд сэтгүүлчдийг хатавчинд, хөсөр хаясан байдалтай байлгаснаас байгаагүй нь дээр. Харин сайжруулах гэж байгаа бол шинэчлэлээ сэтгүүлчдийг загнадаг шигээ хурдан бөгөөд мэргэжлийн түвшинд хийгээд өгөх хэрэгтэй. Жижигхэн, хувийн байгууллага ч ийм аргаа барсан компьютер тавьж өгөхгүй байсныг санаарай. Төсвөө олигтой батлуулсан төрийн байгууллага минь нэг юм хийхгүй бол сэтгүүлчид удаан тэсэхгүй л байх даа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )