Шүүх байгууллагатай залуу үе нь “байлдана”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

 

Монгол улсын шүүхийн тогтолцоо “гаж хөгжилтэй” гэдгийг  төрийн эрх баригчдаас энгийн иргэд хүртэл хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл энэ байдлыг эсэргүүцэн залуус өөрийн дуу хоолойгоо нэгтгэх гэж байна. Тодруулбал  Э.Энхбаатар гэх хуулийн зөвлөх залуу ТББ  байгуулан  шүүхийн буруу тогтолцоо,  Улсын дээд шүүхийн  зарим нэг алдаатай үйлдлийг олон нийтэд дэлгэхээр болжээ. Ингэхдээ тэрбээр өөртэй нь ижил бодол, хүсэл зорилготой нэгнийг хандахыг хүсэж байгаа юм.  Ингээд түүнээс энэ талаар нь цөөн зүйл тодруулснаа хүргэе.  


- Улсын дээд шүүх алдаатай үйл ажиллагаа явуулдаг гэж байсан. Үүнийгээ нэг жишээгээр тайлбарлахгүй юу?

- Хүн бүхний мэддэг нэг хэргээр жишээ авъя.  Анхан шатны шүүх хурлаар Н.Энхбаярт долоон жилийн ял оноож гурван жилийг нь өршөөлийн хуульд хамааруулсан. Улмаар давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай нотлох баримтаар нотолчихсон.  Харин Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд дөрвөн хэргийн хоёрыг нь  хүчингүй болгосон.  Энэ нь өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351.2 –ыг  зөрчсөн.  Уг заалтад “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй” гээд заачихсан байгаа.

Хуулин дээр ийм заалт байхад хяналтын шатны шүүх яг энэ хэргийн тогтоол магадлал дээр өөчрлөлт оруулаад хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь процессийн алдаа.

- Процессийн алдаа гаргасан тохиолдолд үүнийг засаж, заларуулах хууль, журам байдаг уу?

- Улсын дээд шүүх бол шүүх байгууллагийн хамгийн дээд байгууллага байна гэдгийг Үндсэн хууль болон бусад хуулинд заагаад өгчихсөн байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд Улсын дээд шүүхэд хандах иргэдийн тоо нэмэгдсэн. Яагаад гэхээр  хүмүүс анхан шат болон давж, заалдах шатны нүүхэд ач холбогдолгүй өгөлгүйгээр Улсын дээд шүүхийн танилаа барааддаг. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн шийдвэрт гомдох эрх байдаггүй учраас л тэр.

- Ийм процессийн алдаа ер нь их гардаг уу?

- Анхандаа ийм байдал ам дамжин яригдаж байсан бол одоо бүүр батлагдчихсан. Танилгүй, мөнгөгүй хүн хүнд ял авдаг, танилтй эрх мэдэлтэй, мөнгөтэй нь бага ял авдаг.

- Гэхдээ Дээд шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй шүү дээ?

-  Гурван шатны шүүхийн үйл ажиллагаанд бид хөндлөнгөөс хяналт тавьж, ажилд нь заах эрх бидэнд байхгүй. Гэхдээ бид шүүгчийн буруу шийдврийн улмаас хохирсон иргэдийг нийгэмд мэдээлснээр алдаатай шийдвэр гарах нь багасна. Эцсийн зорилго шүүх байгууллага чинт доголдоод байна. Үүнийгээ эргэж харах цаг нь болсон шүү гэдгийг л сануулах юм.

- Гэхдээ Улсын дээд шүүхээс гарсан тогтоолыг буруу гэж үзсэн тохиолдолд Ерөнхий шүүгчид хандаж болдог шүү дээ?

- Болно. Гэхдээ ямар ч шүүгч өөрийнхөө найзыг буруутгахгүй шүү дээ. Тэр тусмаа ажил дээр. Энэ байдал нь над шиг залуу хуульчдын эрч хүч, урам зоригыг мохоож байна.  Өнөөдөр бид нар шүүхийн танхимд ороод мэтгэлцэж, маргалдаад ялж, ялагдаж явдаг.  Гэвч хуулийн дагуу шийдвэр гарахгүй байна.  Тэгэхээр бид нар үнэнч шударгаар хуулиа дээдлэх эсэхдээ эргэлзээтэй болж байгаа юм.  Хэзээ нэгэн цагт залуучууд бид энэ шүүхийн дараагийн үе болоод явна. Тэгтэл өнөөдрийн шүүгчид бидэнд алдаатай, буруу  шийдвэр гаргадаг буруу тогтолцоотой шүүхийг өвлүүлэх хандлагатай болчихоод байгаа юм.

- Тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top