Долоон боомтоор тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

 

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийлээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар Тэсэлгээний үйл ажиллагаа явуулах эрх бүхий гадаадын иргэн аж ахуйн нэгж хичнээн байгаа болон Мэргэжлийн Хяналтын байгууллагын оролцооны зарим хэсгийг хассан болон иргэн аж ахуйн нэгжид тооцох хариуцлагыг заасан ч төрийн албан хаагчийн тухай тодорхой заагаагүй байна гэдгийг хэлж байлаа.

Өнөөдөр манай улсад тусгай зөвшөөрөлтэйгээр гадаадын хөрөнгө оруулалттай гурван аж ахуйн нэгж ажиллаж нийт тэсэлгээний ажлын 10 хувийг гүйцэтгэдэг хэмээн ажлын хэсэг хариулсан юм. Ингээд Байнгын хорооноос дэмжигдсэн нийт 37 саналаар санал хураалт явууллаа. Гишүүд саналуудтай холбогдуулан асуулт асуулж хариулт авсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн М.Батчимэг Тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэхийг хориглох боомт хэд байгаа, Засгийн газар энэ талаар ямар бодлого барьж байгаа болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах лицензийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан ч лицензийг олгож байгаа төрийн албан хаагчийн хариуцлагыг орхигдуулсан байгаа талаар тодрууллаа. Өнөөдрийн байдлаар долоон боомтоор тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлж байгаа юм байна. Аль болох цөөн боомтоор тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэх бодлого барьж байгаа гэж ажлын хэсгээс хариуллаа. Мөн төрийн албан хаагч алдаа гаргасан бол Төрийн албан хаагчийн тухай болон Эрүүгийн хуулийн заалтуудаар хариуцлага тооцох боломжтой хэмээн хариуллаа.

Гадаад худалдааг хязгаарлах тухай заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар Энэ эрхийг зөвхөн салбарын яам авах нь буруу, ер нь хязгаарлалтыг ямар учраас тавьж байгаа талаар тодруулсан юм. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Дотоодын үйлдвэрүүд тэсэрч дэлбэрэх бодисийн хэрэглээг хангах боломжтой байгаа учраас импортыг аль болох багасгах бодлого барина” гэсэн боловч УИХ-ын гишүүн Я.Содбаатар дотоодын үйлдвэрлэгчид зөвхөн энд савлаж боож байгаа болохоос үйлдвэрлэл явуулаагүй, түүхий эдээ гаднаас авч байгаа хэмээн сануулснаар энэ санал олонхийн дэмжлэгийг авч чадсангүй. Мөн хуулийн 18 дугаар зүйлд тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэхэд зөвшөөрөгдөх тээврийн хэрэгслийн талаарх заалтыг тодорхой болгох талаар санал гаргав. Үүний дараа хуулийн төслийн найруулагын чанартай 12 саналыг дэмжсэнээр Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top