Шинэ ертөнц

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

Ганц туйлт ертөнц өөрчлөгдөж байна. Хятад эрчимтэй өсөж, Энэтхэг хүчирхэгжиж, Орос эргэн ирж, Бразиль гэх мэтийн шинэ тоглогчид гарч ирэв. Энэ болон бусад олон үйл явц сүүлийн 20 жил тогтож ирсэн АНУ дангаар ноёрхсон олон улсын системийн ахин авч үзэхэд хүргэж байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын ирээдүйн байгууламжийн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл олширч байна. Энэ ертөнц их өөр болжээ. Энэ талаар эрэгцүүллээ өгүүлье.

“Биелсэн” онол

Эхлээд Ч.Купчан (Kupchan.C.), Ж.Айкенберри (Ikenberry.J.) нарыг танилцуулах ёстой байх. Чарльз Купчан бол Жоржтауны их сургуулийн профессор, Олон улсын харилцааны Зөвлөлийн (CFR) эрдэм шинжилгээний ахлах ажилтан, бас Б.Клинтоны захиргаанд Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн Европын хэлтсийн захирал байсан.

Нөгөө Жон Айкенберри нь бас л Жоржтауны их сургуульд багшилдаг, геополитик, даяар эрх зүйн профессор. Мөн Пристоны их сургуульд давхар ажилладаг, Карнегийн сангийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан байсан, Олон улсын харилцааны Зөвлөлийн (CFR) хэд хэдэн төсөлд оролцсон. 1991-1992 онд АНУ-ын Төрийн департаментад ажиллаж байсан. Ингэхээр энэ хоёр жижиг гарууд биш байгаа биз.

Эд онолын судалгаагаа практикт хэрэгжүүлэх өргөн боломжтой байсан нь намтраас илт харагдана. Энэ хоёр нийлж 1990 онд “Нийгэмшил ба дарангуй хүч” гэсэн томоохон өгүүлэл бичиж үүндээ хамаг “юмыг” онол болон практикийн хувьд зааж өгсөн билээ.

Тухайлбал, гегемон бол өөрийн нөлөөгөө бусад орны элитүүдээр дамжуулан бэхжүүлж, дэлгэрүүлэх ёстой, тэдгээр орныг түрэмгийлэх буюу эдийн засгийн арга хэмжээ авах мэтийн материаллаг бүдүүлэг аргаар биш, харин генемоны ертөнцийг үзэх үзлийг бүрэн хуваалцдаг, өөрийн орны болон гегемоны зөрчлийг олж хардаггүй тийм шинэ элитийг өсгөн бойжуулах замаар гегемоны эрх ашгийн төлөө тэдгээр улс орныг үйлчлүүлэх болон албадаж болно гэсэн стратегийг санал болгосон байдаг.

Одоо Танд бүх асуудал ойлгомжтой гэж санана. Манайд энэ стратеги яг таг хэрэгжсэн нь ямар ч эргэлзээгүй. Манайд энэхүү “шинэ элитийн” тод томруун жишээ хангалтай олон бий. Бид тэднийг нэр нэрээр нь мэднэ.

Гэхдээ зохиогчид материаллаг урамшууллыг үгүйсгээгүй, ач холбогдлыг нь багад үзээгүй, гэхдээ “материаллаг биш, харин субстанц итгэл үнэмшлийн түвшинд ажилладаг” дарангуй засаглалын “далд хүчин зүйлийг” ашиглахын зайлшгүйд америк элитүүдийн анхаарлыг хандуулж чадсан юм.


“Хоёрдугаар эрэмбийн” орнуудын элитүүдийг нийгэмшүүлсний үр дүнд гегемон эдгээр орны зөвшөөрлийг авч, тэднийг номхон хүлцэнгүй байлгаж чадна. Ингэж нийгэмшүүлэхдээ эдгээр орны элитийг боловсролтой болгож, үүнд зайлшгүй дэд бүтэц, институт зэргээр дамжуулан хэрэгжүүлнэ. Ингээд шинэ элитүүд гегемоны томъёолж өгсөн хэм хэмжээг эзэмшиж авах ба дараа нь олон улсын дэг журам, энэхүү дэг журамд эзлэх өөрийн орны байр суурийн талаарх гегемоны ойлголтод нийцсэн улс төрийн бодлого явуулна.

Одоо бол бүр ч илүү ойлгомжтой гэж бодож байна. Купчан, Айкенберри нар “хоёрдугаар эрэмбийн” орнуудыг яаж нийгэмшүүлэх, түүнийг яаж үр ашигтай байлгах бүх нөхцлүүдийг зааж өгч байна. Тэднийг буруутгах аргагүй. Яагаад гэвэл тэд америк эрдэмтэд.

Харин энэ зөвлөмжийг Монголд гардан хэрэгжүүлсэн монголын “шинэ элитийг” хараан зүхвэл таарна. Монгол жаахан юм чинь хэн хэн гэдгийг бид сайн мэднэ…

Гэтэл бидний аз болов. 2000 оны хавьцаагаас хямралаас үүдэлтэй америкийн ганц туйлт систем өөрөө системийн хямралд орсон нь хэн бүхэнд илэрхий болов. Үүнээс өмнө бол энэ нь зөвхөн “онолын маягийн” асуудал байсан юм.

Үүнтэй холбоотойгоор 2000 оноос эхлэн адил сэтгэгч Айкенберри Купчан хоёрын зам салав. Яасан ?! Айкенберри нь хуучнаараа ганц туйлт дэг журмаа “хамгаалан” үлдэв. Харин Купчан нь аажмаар болгоомжтой болж, энэ асуудлаар шүүмжлэлт байр суурь баримтлах болов. Купчан 2002 онд америкийн ганц туйлт систем нурах тавилантайг баталсан “The End of American Era” ном хүртэл бичсэн.

Хайнцсан Ертөнц

Ингээд мөнөөх Купчан дөнгөж сая 2012 оны 3 дугаар сард “Хайнцсан Ертөнц” хэмээх ном гаргажээ. (No One’s World. The West, The Rising Rest, and The Coming Global Turn. New York: Oxford University Press.)

Номыг олж чадаагүй байна. Тайлбараас (аннотаци) үзэхэд даяар орон зайн хүчний хуваарилалтын үйл явцад Баруун “үлдэх” орнуудаас ашиг гаргаж чадаагүй аж. АНУ хамгийн хүчтэй, нөлөө бүхий орон хэвээр байгаа ч голлох байр сууриа алдаж, барууны иргэншлийн гаднах бусад тоглогчдод байр сууриа олон талаар тавьж өгөхөд хүрч байгаа гэж Купчан дүгнэжээ. Нэн их хамааралтай, харилцан холбоотой энэ ертөнцөд аль нэгэн улс буюу холбоо дангаар дарангуйлагч болж чадахгүй гэнэ. Иймээс тэр үүнийг хэний ч биш буюу хайцсан ертөнц гэж нэрлэжээ.

Гэхдээ энэ нь тийм ч их хүсмээр эд биш, яагаад гэвэл хатуу ширүүн сөргөлдөөн, ертөнцийг үзэх үзлүүдийн өрсөлдөөн болно гэнэ. АНУ урьдын адил ганцаараа тоглоомын дүрэм зохиодог, хамаг юмыг шийддэг үе өнгөрсөн гэнэ.

Купчан “модернизаци бол заавал баруунжуулах явдал биш” гэж дүгнэсэн байна. Барууны ардчилал бол хөгжлийн олон хувилбарын ердөө нэг л юм байна. Ингээд Купчаны үзэж байгаагаар барууны ардчиллын загварын зэрэгцээ улс төр болон нийгмийнхээ амьдралд гүн бат нэвчсэн Хятадын хамтын автократ (communal autocracy), Оросын патерналист автократ (paternal autocracy), Ойрхи Дорнодын орнуудын овог аймгийн автократ (tribal autocracy), Исламын шашин бүхий Иран мэт орнуудын теократ (theocracy) загварууд зэрэгцэн орших аж.

Ер нь бол эдгээр бүх загварууд дутагдал доголдолтой бөгөөд гэхдээ хамгийн их дутагдалтай нь барууны даяар капитализм гэнэ. Яагаад гэвэл баруун даяар удирдлагын хямралд орсон бөгөөд “барууны ертөнц өөрийгөө шинэчлэхэд бүх хүчээ төвлөрүүлж, өөрийнхөө хэм хэмжээг бусад бүс нутгуудад экспортлох оролдлогоо зогсоох ёстой” гэж Купчан дүгнэсэн байна. Түүний бодлоор барууны хэмжээ хэмжээг түгээмэл (универсал) гэж үзэх нь бодит байдалтай үл нийцэх аж. Ингээд Купчан ажиллахгүй байгаа “либерал-ардчилсан удирдлага”-ын оронд хууль ёсны “хариуцлагатай удирдлага”-ыг (responsible governance) санал болгосон байна.

Харин нөгөө эрдэмтэн Айкенберри хуучин үзлээ хамгаалж 2011 онд “Либерал Левиафан” ном бичсэн гэнэ. Ингэвэл тэр автоматаар Гоббс руу л орж таарна. Яагаад гэвэл Гоббс дэг журмаа хадгалах, замбараагүй байдлаас зугтах гэсэн иргэд захирагдсан үндэсний улсыг левиафан гэсэн юм. Ингэхээр тэр нь АНУ байж таарна.

х х х

Эндээс их ноцтой олон дүгнэлт гарна. Би АНУ-ыг сөнөчихлөө гэж огт хэлээгүй. Зүгээр л бид өөрийн гэсэн толгойтой байх тухай ярьж байна. Ер нь бол аль нэг том улсыг дагаж далдаганах, эсвэл харааж зүхэх утгагүй гэдгийг л хэлж байна.

Ганц АНУ ч биш, гадаад том улсууд руу Монголыг “чирэх” гэсэн “бэлтгэгдсэн элитүүд” манайд дүүрэн байгаа гэж би бүрэн итгэлтэйгээр дүгнэж байна. Энэ нь Монгол Улсыг задлан хуваах үндсэн бөгөөд суурь шалтгаан юм.

Ийм тохиолдолд бидний Монгол Улс заавал өөрийн гэсэн үзэл санаа, өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн баримтлал, чигч бодлоготой байх ёстой.
Энийг ярихаар “хоосон онол” гэж хараадаг байсан үе чинь өнгөрсөн. Одоо нөгөө сүрхий ардчиллын “онол” л лав их эргэлзээтэй болж байна. Арай “манай” гадаад профессорууд хэлээд өгнө гэж бодоод байгаа юм биш биз дээ. Ингээд “бичиг үсэг мэддэг” юм бол тэрийгээ үзүүл л дээ, “шинэ элитүүдээ”.

Монголын “ардчилагчид” үзэл санааны хийгээд үйлдлийн бүрэн мухардалд орсон. Тэдний үзэл, үйлдэлд ардчилалтай нийцэх зүйл ганц ч байхгүй учраас удаан аргацаах боломж онолын хувьд ч, практикийн хувьд ч байхгүй.

Ямар ч гэсэн сүүлийн хорин жил дэлхийд болсон үйл явц тун олон шинэ үзэгдэл, хандлага бий болгожээ. Шинэ ертөнц бий болж байна. 1990-ээд оных шиг ардчилал, зах зээл гээд хоосон орилоод байж болохгүй болж. Би “ардчилсан”, би “зах зээлийн” гэх мэт бол инээдмийн юм болж. Би ардчилал “эхлүүлсэн”, би “санаачилсан” энэ тэр бол ердөө л “өвгөн партизаны яриа” болж байна.

Дээр дурдсан эрдэмтэд “хоёрдугаар эрэмбийн” орны, түүний дотор монголын “ардчилагчид” чухам ямар хүмүүс гэдгийг яруу тод харуулсан гэж бодож байна. Гэхдээ АНУ болон гадаадад сурсан, очсон болгоныг хардаад байж болохгүй нь мэдээж, гэхдээ л “тусгайлан бэлтгэгдээд” морь нохой мэт зүтгэж байгаа хүмүүс харваас андашгүй л дээ.

Тусгай технологоор бэлтгэгдсэн, тархи угаадаг, харийнханд үйлчилдэг хүмүүсийг нэрлээд үзэхийг Танд санал болгож байна. Уг нь их амархан ажил ш дээ…

Ардчилсан Нам “ардчилсан” байдаг, Ардын Намд “ардууд” байдаг гэж усан тэнэг л бодно байх. Яг үнэндээ бол энэ хоёр намд ардчилал, ард түмэн хоёртой холбоотой юм бараг байхгүй ш дээ. Үгүй гээд үз л дээ.
Ингээд л шинэ ертөнцийн шинэ зүй тогтол үйлчилнэ дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top