Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар мөнгөтэй аавын зүстэй хүү нэр дэвшсэн нь Н.Номтойбаяр байлаа. Гэхдээ түүний талаар сайнаасаа саар мэдээлэл нь илүү жин дардаг. Байсхийгээд л дуулиан шуугианы эзэн болж явдаг түүнийг Н.Номтойбаяр гэхээсээ илүүтэй Сумтайбаяр хэмээн цоллосон юмдаг. Харин сүүлийн үед тэрбээр ихэд нам гүмхэн амьдрахыг илүүд үзэж даруухан байсан боловч сурсан занг сураар боож болдоггүй гэгчээр бас л намба алдаад орхив. Тэрбээр байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайдад уурласан уураа гаргаж мөнөөхөн үнэт бор ширээг нь золтой л цөм цохьчихсонгүй. Ийн авирласныхаа дараа уучлал гуйж, бас би залуу хүн хэмээн өөрийгөө өмөөрөөд ч амжив. Үүнээс гадна дөрөвдүгээр ангид байхдаа улстөрч ах нарыгаа зурагтаар харж байсан нь намайг улстөрд орох суурь шат болсон хэмээн нөгөө хэдийгээ хөөргөөд авна лээ. Ямар ч байсан залуу халуун насныхаа цөс ихтэй хүүгийн аашийг үргэлж харулж явдаг байсан тэрбээр уучлал гуйх ухаан суужээ.
Г.Од

Сэтгэгдэл ( 0 )