Ээжүүд Х.Тэмүүжин сайдад ”хатуу” шаардлага хүргүүлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эрхмийг хэлмэгдүүлж байна хэмээн үзэж, өлсгөлөн зарлаад байгаа ээжүүд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд шаардлага хүргүүлжээ. Тэдний шаардлагад хэрхэн өгүүлснийг хүргэхэд “Монгол Улс ардчиллын замаар замнаад 20 гаруй жил болсон байна. Тэрхүү ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, иргэн нэг бүрийнхээ эрүүл бие, саруул ухааны төлөө монголын төр ажиллаж өнөөг хүрсэн гэж эхчүүд бид итгэдэг. Тиймээс ч монголын мянга мянган ээжүүд ардчиллыг бэхжүүлэх, хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг улам бүр баталгаажуулж, өөрсдийн үр хүүхэд, ирээдүй хойчдоо хүмүүнлэг, энэрэнгүй ирээдүй, айдасгүй монголыг үлдээхийг хүсч өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан намд саналаа өгсөн юм. Гэтэл өнөөдөр шинэчлэлийн Засгийн газар ухралт хийж, хууль зүйн салбар хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж байгаагаа харууллаа. Эхчүүд бид өлсгөлөн зарлаад даруй 250 гаруй цаг боллоо. Бид энэ өлсгөлөнг зарлахдаа Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал хүнд байгааг харгалзан үзэж  эмнэлэгт шилжүүлэхийг хүссэн билээ. Н.Энхбаяраар дамжуулан ял эдэлж байгаа бусад хоригдлууд эмнэлгийн тусламж авч чадахгүй эрх нь зөрчигдөж байгааг эсэргүүцэн ээжүүд өлсгөлөн зарласан. Эхчүүд бид эл хүний эрхийн чухал асуудлаар өлсгөлөн зарласнаас хойш Х.Тэмүүжин таныг бидэнтэй ирж уулзана гэж хүлээсээр өнөөдрийг хүрлээ. Биднийг өлсгөлөн зарласнаас хойш Эрүүл мэндийн сайд хуулиасаа дээгүүр журам гэгдэж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313/3/16 тоот тушаалаар батлагдсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” журмын 6.1 дүгээр заалтыг хүчингүй болгосон юм билээ. Ийм байхад хууль зүйн сайд Х.Тэмүүжин та яагаад мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй юм шиг чих нь дүлий нүд нь балай мэт яваад байгаа юм бэ. Бид ард түмний чинь нэгээхэн хэсэг. Н.Энхбаяр гэдэг хүнд та дургүй байгаад бидний тавьсан шаардлагыг тоохгүй байж болох ч шударга ёсны төлөө өлсөж, өөрсдийн амь насаа эрсдэлд оруулж буй эхчүүдийг үл тоож боломгүй мэт санагдах юм. Өнөөдөр 17 эх нойтон өлсгөлөн зарлаж, бидний найм нь хуурай өлсгөлөнд шилжчихсэн байна. Улс орон даяар олон мянган ээжүүд бидэнд санаа зовж, үр хүүхдийнхээ ирээдүйд эргэлзэж сэтгэлээ сэмэлж, зүрхээ эмтэлж суугаа.  Та эх хүнээс төрж, эхийн сүүгээр хүн болсон нэгэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс 10 гаруй өдөр өлсөж, амь насаа эрсдэлд оруулаад сууж буй таны ээжийн нэгэн адил эхчүүд бидэн дээр яаралтай ирж уулзахыг хатуу шаардаж байна. Та бидэнтэй ирж уулзсанаар муухай харагдахгүй, Монгол Улсын хуулийг зөрччихгүй гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ Монгол Улсад дарангуйлал, харгислалыг тогтоож, ардчилсан нийгмийг булшилах гэж байгаа бол бидэнтэй ирж уулзахгүй байж болно. Н.Энхбаярын асуудал гээд хууль зүйн сайд Х.Тэмүүжин та хуулиа сахиж биелүүлэлгүй, хүнлэг чанараа гээж бидэнтэй уулзахгүй гэж гөжиж байгаа бол маргааш өөр хэн нэгнийг танд таалагдаагүйн төлөө бас л хууль зөрчиж, хувийн сонирхлын дагуу эрхийг нь эдлүүлэхгүй, амь насыг нь гаргуунд нь гаргах уу. Хэрвээ та эхчүүд бидэнтэй ирж уулзахгүй бол бид өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байхаа хариуцлагатайгаар мэдэгдэж” байна хэмээн шаардлагаа төгсгөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top